Харумафүжи, Такайнова нарын асуудал өнгөрсөн долоо хоногийн гол анхаарлын төвд байлаа. Харумафүжи өнгөрсөн баасан гарагт албан ёсоор зодог тайлж буй гэдгээ мэдэгдэн Сумо бөхийн үзэгчдээс уучлал хүсэж Такайноваг зодсон хэрэгт хариуцлага хүлээж зодог тайлах шийдвэрийг гаргасан гэж мэдэгдэж байв.
Уг үйл явдлын дараа Японы хэвлэлүүд Монгол сумочдын зодооний асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Тухайлбал Японы өдөр тутмын Асахи сонинд бичсэнээр Сүмогийн холбооны захирлуудын хурал өнгөрсөн Пүрэв гарагт болж, тус холбооны хямралын үеийн удирдах хорооноос ирүүлсэн урьдчилсан тайлантай танилцсан байна. Тайланд өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Тоттори хотод болсон үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлсэн аж.
Тайланд өгүүлснээр аравдугаар сарын 25-ны хэрэг явдал Тоттори хотын Жохоку дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтын үеэр болсон байна. Таканойва, Тэрунофужи зэрэг бөхчүүд тус дунд сургуулийн төгсөгчид бөгөөд тэдэн дээр Монголын гурван ёкозуна болох Хакухо, Харумафүжи, Какурю нар нэмэгджээ.
Уулзалт үдэшлэгийн үеэр Хакухо өнгөрсөн есдүгээр сард Токиогийн ресторанд гаргасан бүдүүлэг ааш авирынх нь талаар Таканойвад шүүмжлэн хэлж, сургасан байна. Энэ үед Харумафүжи тэдний дунд яриаг зөөлрүүлэх намжаах арга хэмжээ авч байжээ.
Дараа нь тэд өөр бааранд очиж үргэлжлүүлэн ууж наргисан байна. Энэ үед Таканойва, Тэрунофүжи нарт Хакухо дунд сургуульд сурсан мэдсэн зүйлээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн сургаал, зөвлөгөө хэлж байжээ.
Хакухог ярьж байх зуур Таканойва гар утсаараа оролдож суусан байна. Үүнийг харсан Харумафүжи түүнд Хакухогийн үгийг сонсохыг шаардахад Таканойва “Би найз охиноосоо ирсэн имэйлийг уншиж байна” хэмээн хайхрамжгүй хэлжээ.
Үүнд уурссан Харумафүжи Такаонойваг алгадаж, Хакухогоос уучлал гуйхыг шаардахад залуу бөх өөдөөс нь муухай харж, эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. Ингээд Харумафүжи түүнийг олон удаа цохиж, уучлал гуйхыг үргэлжлүүлэн шаарджээ. Тэр бас караокены удирдлага шүүрч аваад Таканойвагийн толгойд хэд хэдэн удаа цохисон байна.Үүний улмаас Таканойва толгойдоо хэд хэдэн оёдол хийлгэхэд хүрсэн тухай тайланд дурджээ. Энд анх хэвлэлээр тарж байсанчлан лонхны шилээр цохисон тухай дурдаагүй байна. Харин Харумафүжи оргилуун дарсны лонх шүүрч аваад цохих гэж оролдсон ч гарнаас нь мултарч унасан гэжээ. Эцэст нь Хакухо Харумафүжиг зогсоосноор хэрэг явдал өндөрлөсөн байна гэж дурджээ.
Эх сурвалж: Asashi