ТОП 10 Скауз Мэргэн буучид

 

Өнөөдөр Ливэрпүүлийн домгуудын нэг Жон Алдрижийн 55 насны төрсөн өдөр тохиож байгаа гэнэ. Богинохон хугацаанд Ливэрпүүлийн фэнүүдийн хайрыг татаж, өдгөө домгийн хэмжээнд үнэлэгдэх болсон тэрээр Ливэрпүүл хотод мэндэлсэн боловч харьцангуй хожуу Улаануудад хүчин зүтгэж, өөрийн орон зайгаа дархалж чадсан тоглогч юм.

Алдо 1987/88 оны улирлын эхний 8 тоглолт дараалан гоолдсон гэх өвөрмөц амжилтыг тогтоож байсан бөгөөд 26 жилийн дараа Улаануудын довтлогч Даниэл Старрижийг энэхүү бахдам рекордыг давтаж чадах уу, цаашлаад эвдэх боломж бий юу гэдэг асуудал одоо яригдаж эхлээд байгаа юм. Өнөөдөр 55 нас нь тохиож байгаа Жон Алдриж Ливэрпүүлийн улаан өмсгөлтэйгөөр 104 тоглолтонд оролцож 63 гоолыг оруулжээ. Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан клубын албан ёсны цахим хуудас “Коп 10 Скауз гоолдогчид” -ыг шалгаруулсан байна.

10 -р байр: Стив МакМанаман /66 гоол/

1972 оны 2-р сард төрсөн Бүүтлийн хөвгүүн Макка 1990 оны 12 -р сард үндсэн баг дахь дэбютээ хийж байжээ. Гайхалтай ур чадвартай тэрээр Ливэрпүүлийнхээ төлөө 364 тоглолтонд оролцож 66 удаа эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн байна.

9 -р байр: Иан Каллахан /68 гоол/

Ливэрпүүлийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон тоглолтонд оролцсон гэх бахдам амжилтыг эзэмшдэг тэрээр 1960 оны 4 -р сард дэбютээ хийж байв. Калли Улаануудын төлөө 857 тоглолтонд оролцохдоо 68 гоол оруулж байжээ.

8 -р байр: Дэвид Жонсон /78 гоол/

Энэхүү скаузэр өөрийн карьераа Ливэрпүүл хотын өөр нэгэн баг Эвэртоноос эхлүүлжээ. Тэрээр 1976 оны сүүлчээр Анфилдад ирсэн бөгөөд 6 жилийг Копуудтай хамт өнгөрүүлэхдээ 213 тоглолтонд оролцож, 78 удаа гоолдсон байна.

7 -р байр: Жимми Мэлиа /79 гоол/

Ливэрпүүл хотын Шотланд дүүрэгт мэндэлсэн тэрээр Билл Шэнклигийн удирдлаган дор 286 тоглолтонд оролцож 79 гоолыг оруулсан байна.

6-р байр: Тэрри МакДэрмотт /81 гоол/

1951 онд Киркбид төрсөн МакДэрмотт 1974 оноос Ливэрпүүлд тоглох болжээ. Тэрээр 329 тоглолтонд оролцохдоо 81 удаа гоолдсон байна.

5-р байр: Жэк Кокс /81 гоол/

Тэртээ 1898 онд Ливэрпүүл дэх дэбютээ хийж байсан Кокс 11 жилийн хугацаанд тоглохдоо 361 тоглолтонд оролцож 81 гоолыг оруулсан юм.

 

4-р байр: Жэк Балмэр /110 гоол/

Ливэрпүүлийн баруун хэсэг, дэрбигийн нутагт мэндэлсэн тэрээр Хөхүүдийн эгнээнээс карьераа эхлүүлсэн боловч 1935 онд Анфилдад ирсэн байна. Улаануудын төлөө тэрээр 309 удаа талбайд гаран тоглохдоо 110 гоолыг оруулжээ.

3 -р байр: Жэк Паркинсон /129 гоол/

Бүүтлийн хүү Паркинсоныг гоол оруулах торгон мэдрэмжтэй байсан гэлцдэг. 1903 онд анх дэбютээ хийхдээ л гоолдоод эхэлсэн тэрээр 219 тоглолтонд оролцож, 129 удаа гоолдсон байна.

Дэд байр: Стивэн Жэррард /159 гоол/

Ливэрпүүлийн орчин цагийн амьд домог болсон ахлагч маань Хьютон дүүрэгт төрсөн гэдгийг бид мэднэ. 1998 оны 11-р сард Ж.Ульегийн удирдлаган дор үндсэн багийн дэбютээ хийж байсан ахлагч маань тэр цагаас хойш 635 тоглолтонд оролцоод байгаа билээ. Ахлагч маань одоогоор 159 гоолыг оруулаад байна.

Тэргүүн байр: Робби Фаулэр /183 гоол/

Токстэт-д мэндэлсэн “Бурхан” хочит Фаулэр маань энэ жагсаалтыг тэргүүлжээ. 1993 онд Фулхэмийн эсрэг дэбютээ хийсэн Фаулэр Улаануудын төлөө 369 тоглолтонд оролцож 183 гоолыг оруулсан юм.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …