“Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 23-27-нд Монголын үндэсний музейд болох юм байна. “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс болон Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн сургалт аж. Музейн сан хөмрөгийг гал усны аюул, байгалийн гамшиг болон хүний буруу үйл ажиллагаа зэрэг эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм байна. Энэхүү цуврал сургалтын үр дүнд олон улсын нэр хүндтэй сургагч багш нараар хичээл заалгасан Монголын музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн хөдөө орон нутгийн музейн боловсон хүчинд мэдсэн сурснаа түгээж, манай улсын музейн хөгжлийг олон улсын төвшинд хүргэхэд хувь нэмэр оруулж буй юм.
“Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” төсөл нь музейн хөгжлийг дэмжин манай улсад хэрэгжүүлж буй хамгийн том төсөл бөгөөд энэ хүрээнд Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох стандарт, дүрэм журмыг олон улсын шинжээчээр дүгнүүлж зөвлөгөө авах, ЮНЕСКО-гийн музейн холбогдолтой гарын авлагуудыг орчуулж хэвлэх, Монголын Үндэсний музейн Сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажлыг төслийн багийнхан хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж.