Их эзэн Чингис хаан Байгал нуурын талаар нэгэнтээ “Энэ хэсэг газар бол бидэнд үймээн самууны үед оромж, энх тайван үед нүүдэллэн суух газар” хэмээсэн байдаг. Буриадын нутагт байх Байгал нуур өөртөө их түүхийг агуулдаг. Эрдэмтэд уг нуурыг жил бүр хоёр сантиметрээр багасч байгааг тогтоосон. Түүхээс үзвэл 15,000 жилийн өмнө арслан заан болон аварга хирс мөхсөний дараа эртний хүмүүс ирж суурьшжээ.
Эндээс тухайн үетэй холбогдох чулуун сүх, ангийн зэвсгүүд, эдгээр амьтны шүд, соёо олдсон.Байгаль буюу байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс тус нуурын нэр үүсчээ. Буриадуудын дунд эрт цагт Байгал нуурын оронд галт уул байсан гэсэн домог яригддаг бөгөөд баян + гал гэсэн монгол үгнээс үүссэн гэсэн өөр нэгэн хувилбар байдаг нь энэ домогтой холбогдож болох юм. Геологийн судалгаагаар ч үнэхээр тэнд галт уул байсан байж болохыг тогтоожээ.
Байгаль нуурын мөс их хачирхалтай. Мөсөн бүрхүүлийн өвөрмөц сонин хэлбэр зөвхөн энд л ажиглагддаг. Жишээ нь дотроо хөндий мөртлөө өндрөөрөө зургаан метр хүрэх конусан хэлбэрт мөсөн толгод байна. Эрэг дээрээс ажиглавал үүд нь цааш харсан мөсөн асар шиг үзэгдэнэ. Голдуу бие биеэсээ салангид байрлах боловч зарим үед нийлж бяцхан “уулсын оргил” мэт харагдах аж.
Загасчлахаар гарсан нутгийн иргэд энд байх ёсгүй зүйлүүдийг харуулдаг хачин сонин зэрэглээтэй тааралдах нь их. Голдуу эртний цайз, хөлөг онгоц, үл мэдэгдэх арлын дүрс харагддаг гэнэ. Энэ үзэгдлийг эрдэмтэд хялбархан тайлбарлаж чаджээ. Нуурын гүн дэх ус аагим халуун зуны цагт ч гэсэн халдаггүй байна. Харин нуурын толион дээр бүлээн ус байдаг. Өөр өөр нягттай агаарын давхарга нарны гэрлийг хугалснаар зэрэглээ үүснэ.
Яг л Бермудын гурвалжин шиг эгэл биш нэгэн бүс Байгаль нууранд байдаг. Энд тоног төхөөрөмж ажиллахаа болино, цаг агаар огцом өөрчлөгдөнө. Мөн цаг хугацааны өөрчлөлтөд орсон гэж энд ирсэн зарим хүн ярьдаг аж.