Биткойн нь өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.
АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткойн нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд битконыг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлнэ. Юм худалдан авахад ч, карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Учир юу вэ гэвэл биткойныг ашиглаж байгаа тохиолдолд та биткойны P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулна.
Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойны хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм.
Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилладгийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулан янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Харин биткойны хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй. Учир нь биткойны сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан, ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй багатай.