Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр их гарсан. Гэсэн ч энэ бүхэн ташаа болохыг тэрээр албан ёсоор мэдэгдсэн байна.
Учир нь 2014 онд Д.Галсандондог Ховд аймгийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 3 шатны сонгуульд намаа ялалтанд хүргэсэн юм. Үүнээс гадна орон нутгийн сонгуулиар хоёр дахь удаагаа Засаг дарга болсноос эхлэн зарим хүмүүстэй эрх ашиг, ашиг сонирхолын зөрчил үүсч эхэлсэн байна. Үүний улмаас тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, төлөөлөгч Дүгэржав тэргүүтэй хэсэг нөхөд удаа дараа түүнийг намын хорооны даргын суудлаас нь авч хаяхаар улайрч эхэлжээ. Тийм ч учраас удаа дараалан намын хорооны хурлыг хууль бусаар хийж иржээ. Өнгөрсөн сарын 30-нд ч мөн ийм хурлыг хийсэн байна. Ингэхдээ намын хорооны дарга Д.Галсандондогийг хотод ажилтай явах үеэр эзгүйчлэн хийжээ. Гэвч энэ нь хууль бус аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан намынхаа их хурлаас өмнө намын хорооддоо албан бичигээр “Их хурал дуустал элдэв хурал, цуглаан зохион байгуулахгүй байх”-ыг сануулсан байжээ. Мөн МАН-ын их хурлаар өмнөх дүрэм нь өөрчлөгдөж, шинэ дүрмийг нь одоогоор дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Тэгэхээр Ховдын намын хорооныхонд хурлаа хийх дүрэм байхгүй гэсэн үг. Дээрээс нь намын хорооны даргыг чөлөөлөхийн тулд намын дарга, удирдах зөвлөлтэй зөвшилцсөн байх ёстой юм.
Г.Пүрэвганди мэтийн нөхдийн арга үүгээр дууссангүй. Удаа дараа хийсэн хурал нь хууль бус болж байсан учир сүүлдээ Д.Галсандондогийг авилгал авсан мэтээр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллээр тарааж эхэлжээ. Гэвч Д.Галсандондогт авилгал өгсөн гээд байгаа хүн нь Пүрэвгандитай нэг ангийнх бөгөөд хоорондоо “Засаг дарга” гэсэн хуурамж клиптэй утсаар холбогдож ярьдаг гэдгийг тэрээр мөн хэлжээ. Энэ бүхний эцэст чухам яагаад Д.Галсандондогийг даргын суудлаас чөлөөлөх гээд улайрч байгаа, сүүлдээ зохимол хэрэгт гүтгэж байгаа нь ердөө л өнөөх нөхдийн элдэв тендерийн булхай, эрх ашгийн зөрчлийг Засаг дарга хүлээж авдаггүйтэй холбоотой юм. Иймэрхүү ташаа мэдээлэл цацаж бусдын сэтгэл санааг үймүүлэх, орон нутгийн ажлыг цалгардуулах үйлдлээ таслан зогсоохыг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог анхааруулсан байна.
Эх сурвалж: dorgio.mn