Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.
Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна.
Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 5.1 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар, насанд хүрэгчдийн орны 6.7 хувийг буюу 81 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 100 ор тавьснаар орны зохицуулалт хийгдсэн бөгөөд нийт 181 ороор хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.