Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны Сангийн сайд нар хуралдаж, татвартай холбоотой асуудлаар хамтран ажиллахгүй байгаа 17 орныг багтаасан хар жагсаалт баталсан талаар Францын Сангийн сайд Бруно Ли Майре мэдээлжээ.
Уг жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнө Солонгос, Макао, Маршал Арлууд, Монгол, Намибия, Палау, Панама, Сент-Люсия, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнууд багтсан юм байна.
Ли Майрегийн мэдээлснээр уг жагсаалтад орсон улс орнуудаас гадна дотоодын татварын зохицуулалтаа өөрчилсөн хэдий ч Европын холбооны шаардлагыг хангаагүй гэх 47 орныг “саарал жагсаалт”-д оруулсан гэнэ.
Хувь хүн, компаниуд оффшор бүсээр дамжуулан татвараас зайлсхийсэн хэд хэдэн тохиолдол ил болсонтой холбогдуулан Европын холбоо энэ оны хоёрдугаар сараас эхлэн уг асуудлыг судалж, хууль бус үйл ажиллагаагаа гадаадад хууль ёсны мэт халхавчлах явдлыг зогсоох зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлдэг орнуудын жагсаалт гаргажээ.
Түүнчлэн энэ жагсаалтад багтсан улс орнууд Европын холбооноос санхүүжилт авах эрхгүй болж, цаашлаад тэдний эсрэг өөр арга хэмжээ авч магадгүй гэж Ли Майре хэлжээ.
Эх сурвалж:АТГ