ХХААХҮ-ийн яам “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. Уг аянд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж,Сауле, Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга нар яамныхаа хамт олныг манлайлан түүчээ болж оролцлоо. ХХААХҮ-ийн яамны хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” гэж хэлэх давлагааг бусад төрийн байгууллагуудад уриалж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд 16 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байжээ.

Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог:

11 сарын 25 Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр
11 сарын 25 Эрчүүд хүчирхийллийн эсрэг олон улсын Цагаан туузтаны өдөр
11 сарын 29 Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр
12 сарын 01 ДОХ-той тэмцэх олон улсын өдөр
12 сарын 03 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
12 сарын 10 Олон улсын Хүний эрхийн өдөр


Манай улсын хувьд 1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх зохион байгуулсан. 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн. Энэ аян нь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог нэгтгэж, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэх нь нэн чухал юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийж, хүчээ нэгтгэн санаачлаг гаргахад уг аяны зорилго оршиж байгаа юм.

ХХААХҮ-ийн яам

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …