НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр /2017.12.08/ Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэх ажлуудын талаар Замын цагдаагийн албаны удирдлагуудтай уулзаж санал солилцов.
2017 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 290 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд, улсын хэмжээнд зам тээврийн ослоор гэмтсэн 310, нас барсан хүмүүсийн тоо 101-д хүрчээ. Иймд зам тээврийн ослыг бууруулахын тулд алба хаагчдын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ажиллах орчныг сайжруулах талаар хэлэлцлээ.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн байгууллагад нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэв. Тодруулбал замын цагдаагийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжид 189 сая төгрөг, Замын цагдаагийн албаны шинээр баригдах барилгын зураг төсөвт зарцуулах 250 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тус уулзалтын хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжин ажиллаж, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, алба хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж цаашид зам тээврийн ослыг бууруулах ажлын хүрээнд хамтран санал солилцлоо.
Э.Ариун