Зовлого зовохоос зорилго мохохгүй


Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр албан ёсоор зодог тайлсан ч түүнтэй холбоотой бусдыг гэмтээсэн хэрэг одоо болтол намжаагүй. Түүнийг хэвлэлүүд янз бүрээр бичиж байгааг ч өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснийг тодруулсангүй.

Харүмафүжи 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Уугуул нутаг нь Говь-Алтай аймгийн Чандмань сум. “Исэгахама” дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70, гадаадын тав, Монголын гурав дахь ёкозүна юм. 16 жилийн өмнө сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр 2008 оны арваннэгдүгээр cap хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. Өндөр 186 см, жин 137 кг.

Хамгийн дээд цол нь ёкозүна (2012 оны арваннэгдүгээр сараас). 2008 оны арваннэгдүгээр сарын башёд ёкозүна Хакүхотой түрүү, үзүүр булаалдсан. 2009 оны тавдугаар сарын башёд Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлж байв. Мөн 2011 оны долдугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сард нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрчээ.

Ийнхүү 2013 оны нэгдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, тэр жилийн арваннэгдүгээр сард түрүүлсэн юм. Түүний түрүү хүртсэн тоо ес. 2009 оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Итгэл: Анх 2000 онд Японы мэргэжлийн сүмогийн ‘‘Ажигава’’ дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж байв. Тэрбээр багаасаа барилдаж байсан учраас бөхийг мэднэ, хүчийг гадарлана гэж итгээд Японы сүмод хөл тавихаар шийдсэн байна.

Тэр бөхийн удамтай. Ээжээс нь бусад нь бөх. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан. Харин том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл дүү нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Энэ сайхан удам түүний их амжилтын цөм болсон нь мэдээж. Сайн аавын хүү учраас нэрийг нь хугалахгүй сайн бөх болж аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй онгоцонд сууж, 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Японд газардав.

Анхны нэр Ама: Ама нэр авсан Д.Бямбадорж 2001 оны нэгдүгээр сард анх удаа сүмогийн дэвжээнд гарч барилджээ. Улмаар 2004 оны арваннэгдүгээр дүгээр сард макүүчи зиндаанд дэвшсэн бол 2006 оны тавдугаар сард комүсүби цолонд хүрэв.

Баярт үйл явдлын гашуун нулимс: 2007 оны хацү башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчхаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байв. Олны хүндэтгэлийг хүртсэн улсын заан Р.Давааням гуай

2007 оны нэгдүгээр сард таалал төгссөн юм. Хэдий тийм ч хатуужил зоригийн эзэн Ама хацү башёг 10 даваатайгаар башёг дуусгаж комүсүби цолоо буцаан авсан юм.

Зовлого зовохоос зорилго мохохгүй: Энэ үгийг Д.Бямбадорж хэлэх дуртай. Хэчнээн зодуулж, бие нь ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсныг хамт суралцсан нөхөд нь ярьдаг. Их аварга Д.Дагвадорж түүнд “Чи өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол түүнээс хоёр дахин илүү хөдөлмөрлө” хэмээн хэлжээ. Д.Бямбадорж нэгэнт хол ирснийх ээж, аавыгаа баярлуулна хэмээн ихэд хичээж, ахынхаа хэлснийг мөрдлөг болгосоор 2007 оны тавдугаар сард сэкивакэ цолонд хүрэв.

Амархан олдоогүй озэки: 2008 оны нэгдүгээр сард Ама Хакүхог ялсан ганц бөх. Хэдий тийм ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн озэки цолонд хүрч чадаагүй юм. Харин тус оны долоодугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёд амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр озэки цолоо тунхаглажээ.

Хайртай нэрээ Харүмафүжигаар солив: Түүний багш Амаг озэки болсон мөчөөс эхлэн Харүмафүжи хэмээх нэр өгчээ. “Харү” гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, “Үма” бол хүлэг морь, Фүжи бол Японы сүрлэг хайрхан. Түүний багш Исэгахама ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ.

Зэвсэг: Бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харүмафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж. “Гэхдээ сүмо хэдхэн хоромд дуусдаг. Энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн мэхний эзэн дурсжээ.

Барилдааны нэг өдөр: Сүмочид барилдаантай өдөр эрт босож, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд дахин үсээ самнуулна. Үлдсэн минутад чимээгүй сууж анхаарлаа төвлөрүүлнэ. Харүмафүжи энэ ёсыг 16 жил мөрдсөн.

97-аас 137-д: Арлын Японд очсоноос гурван жилийн дараа буюу 19 настайдаа макүүчи зиндаанд ороход Харүмафүжи 97 кг жинтэй болжээ. Хоёр сарын дараа жюүрёод гарахдаа 10 кг таргалж, дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй болсон байв. Одоо харин 137 кг жинтэй.

Хамгийн дотно ах: Сүмогийн ертөнцөд түүний хамгийн дотнын хүн бол багшаас гадна их аварга Д.Дагвадорж. Д.Дагвадорж аварга өөрийнхөө туршлага хүмүүжлээс дүүдээ дандаа сургана. Харин тойрч гардаггүй жамаар ах, дүү хоёр олон удаа учраа таарчээ. Харүмафүжи ахыгаа 2008 онд ялахдаа сэтгэл өндөр байв. Учир нь, аварга ахыгаа унагаасан ч энэ нь түүнээс сайн суралцсанаа харуулсан том бэлэг аж. Түүнийг ёкозүна болоход их аварга Д.Дагвадорж “Lexus-570″ машин бэлэглэж талархсан сэтгэлээ илэрхийлж байв.

Хармын сэтгэлийг хаасан хань: Д.Бямбадорж сүмогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Мөн л энэхүү дүрэм ёсоор тэр оныхоо есдүгээр сард сүй тавьж буй талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм.

Харүмафүжиг монголчууд япон бүсгүйтэй гэрлэх вий хэмээн харамлаж байсан ч 2011 онд монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Нэгэнтээ аав нь миний хүү монгол охинтой гэр бүл болоорой гэж захисныг тэрбээр хуримынхаа үеэр Японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн.

Хүүхдэд хайртай аав: Харүмафүжиг Японы ард түмэн хүүхдэд хайртай, зөөлөн ханддаг гэдэг.

Түүний нууц авьяас: Тэрбээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм. Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” хэмээж байв.

Аварга болов: 2012 оны есдүгээр сарын 23. Энэ өдөр бол монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Тэр өдөр Хакүхо Даваажаргалыг давснаар нэг ч ялагдалгүй хоёр дараалан түрүүлж Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга болсон билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ээж Мягмарсүрэндээ үнсүүлж, бас нулимс унагаж байлаа.

Эх сурвалж:Үндэсний шуудан сонин

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …