Баярма Дамдинова: Би Энэтхэгчүүдийг бусдаас тийм ч өөр гэж боддоггүй

Энэтхэгт Маркетингийн судалгааны газарт шинжээчээр ажилладаг Баярма Дамдинова өдгөө 25 настай. Буриадад төрж өссөн Баярма Энэтхэгийн Гужарат мужид амьдарч байна. Бурхад, заан, цай, Болливудын оронд хэрхэн амьдарч байгаагаа харуулсан блогоо хөтөлдөг.

Баярма өмнө нь АНУ руу “Work and Travel” хөтөлбөрийн шугамаар дөрвөн сар, сайн дурын дадлагажигчаар Хятадад нэг сарын хугацаатай амьдарсан байна. Тэрээр Энэтхэгт AIESEC-ийн шугамаар энэ оны хоёрдугаар сараас хойш ажиллаж эхэлсэн юм. Баярма өөрийн блогтоо виз хэрхэн мэдүүлэх болоод гадаад эмэгтэйчүүдэд тулгарч болох бэрхшээлүүдийн талаар бичдэг.

“Энэтхэгт хүн алга болох явдал их байдаг. Гадаад хүмүүс ч алга болсон тохиолдлууд бий. Нэг удаа би таксинд суутал жолооч очихыг хүссэн газраас маань өөр газар руу намайг авч явсан. Би чанга хашгирсан ч тэр тоолгүй над руу инээж байсан. Аз болж энэ үеэр Энэтхэг дэх найз нарын маань нэг над руу залгасан. Би утсаа speaker дээр тавьсан юм. Найз маань жолоочид хандаж намайг суллахыг шаардсан хэд хэдэн хатуу үг хэлэхэд тэр намайг тавьж явуулсан” хэмээжээ.

Баярма энэ явдлыг мартсан бөгөөд Энэтхэг орны талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг. Ялангуяа Хиндугийн гэрлэх ёслол түүнд их таалагддаг. Энд хос гэрлэсэн л бол насан туршдаа хамт байх ёстой. Хос салж, тусдаа амьдрах явдал гэр бүлүүдийнх нь хувьд нэр төрөө хугалсан ноцтой явдалд тооцогддог байна.

Аав ээжүүд нь хүүхдүүдээ ярьж, тохиролцож суулгах явдал элбэг тул Баярмагийн нэг найз нь ирээдүйн ханиа хуримынхаа өдөр л анх харж байжээ. Энэтхэгт вэбсайтаар өөрийн талаарх мэдээллээ тавьж гэрлэх хүнтэйгээ учирдаг заншил мөн дэлгэрсэн.

Өөрийнхөө талаар их мэдээлэл өгөх тусам гэрлэх хугацаа ойр байдаг байна. Тэд мэдээлэлдээ шашин шүтлэг, ямар кастад харьяалагддаг, нэр, овог, нас, ажил, цалин, боловсрол, утасны дугаар, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг, эсвэл цагаан хоолтон эсэхээ бичдэг.

Харин нөхөр, хүүхэд, хадам аав ээж, гэр орондоо анхаарал их тавьдаг уламжлалтай нь холбоотой. Энд айлууд нь гэрийн үйлчлэгч нартай байдаг. Нэг үйлчлэгч зөвхөн шал угаадаг бол нөгөө нь зөвхөн аяга угаадаг ажил хийдэг.

Баярма Энэтхэгчүүд оюун, сэтгэлгээний хувьд бусдаас тийм ч өөр хүмүүс биш гэж боддог аж. Гэхдээ шүтлэг бишрэл нь гүн гүнзгий бөгөөд айл бүр долоо хоногт заавал нэг удаа хийд рүү явдаг байна.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …