Өнөөдөр билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25 тохиож байна. Энэ өдрийг Богд Зонхова таалал төгссөн өдөр гэж үздэг. Тиймээс эрт дээр цагаас энэ өдөр сүм хийдүүд олон зул асааж, сүсэгтнүүд гэр орондоо зул барьж ёслодог байжээ.
Зул гэдэг нь мунхагийн харанхуйг гийгүүлэх, аливаа будангуй зүйлийг гийгүүлэх гэсэн утгыг агуулж байдаг аж.
Өнөө орой уламжлал ёсоор Бөхийн өргөөнд шашин урлагийн цэнгүүн зохиож лам, хуврагууд зулын 25-ны ном айлтгах юм байна.
Зул өргөх тус эрдмийн тухайд…
Монголчууд бол эртнээс тахилын дээд хэлбэр болох зулыг дангаар өргөж ирсэн байдаг. Голцуу зулыг их дүйцсэн өдрүүдийг бэлгэдэн өргөдөг. Шинийн 9, 19, 29, 15 зулын 25. Энэ өдрүүдэд өргөсөн зул мянга, түм өсгөж, буян дэлгэрдэг. Тэр ч бүү хэл зулыг таслахгүй барьж ирж байсан хүмүүс ч байдаг. Зулыг таслалгүй барьж ирнэ гэдэг бол асар их буян хураана гэсэн үг юм.
Зулыг юуны тухайд өргөж байна гэвэл бурханы мэлмийд өргөж байгаад л утга оршиж байгаа юм. Зулыг өргөснөөр оюун ухаан төгөлдөржих, сэтгэл зөөлөрч нигүүлсэнгүй болох, ертөнц өөрөө зул мэт болох, гурван муу заяанд унахгүй байх, шагшааваа төгөлдөр болох, төгс эдлэх арвинтай болох, оюун ухаанаа улам хурц байх үүднээс бурхны мэлмийд өргөдөг.