Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгө, 59 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогтоо Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг ялж, улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариа нарыг ялсан юм. Хагас шигшээд ОХУ-ын бөх Братчикова Анастасияаг ялснаар олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Ичотой финалд үлдсэн ч, ялагдал хүлээн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичо ийнхүү С.Батцэцэгийг ялж, найм дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
Харин ОУХМ Т.Мөнхтуяа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг ялж, гараагаа амжилттай тавьсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Ито Аяакаг оноогоор ялснаар дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.
эх сурвалж: ньюс.мн