Монголын нийгмийн сөрөг үзэгдлийн нэг болсон хуурамч дипломын асуудал бакалавр, магистрын түвшинд яригддаг байсан бол хуурамч ДОКТОРЫН зэрэгт хүртлээ дэвшин уруудав. Манай улсад жил бүрийн хавар нийтдээ 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа төгсдөг гэсэн тооцоо бий, түүнийгээ дагаад хуурамч дипломын асуудал дагалддаг. Дагалдах бүрдээ шалгалтаар ил болж гарч ирдэг. Гэтэл Монгол Улсын дээд боловсролын НҮҮР ЦАРАЙ болж ирсэн үе, үеийн сэхээтнүүдийг бэлтгэж гаргадаг МУИС-ын нэр хүндийг уландаа гишгэсэн илт бусармаг үйлдэл МУИС-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын хамар доор хийгджээ.
Мэдлэгт суурилсан нийгэмд хөгжлийн чухал хүчин зүйл бол өндөр боловсролтой чадварлаг мэргэжилтэнүүд байдаг. Иймээс дээд боловсролын чанарыг дээшлүүлэх нь нийгмийн бодит байдлын шаардлага болж байна. Гэтэл бакалаврын байтугай магистр, докторын зэргийг ч шаардлага хангахгүй хүмүүст олгосон байх юм. Судалгааны ажил нь шаардлага хангахгүй, буцаагдсан хүмүүст докторын зэрэг олгох, мэргэжлийн бус хүчингүй зөвлөлөөс докторын зэрэг олгох явдал гарсан байна.
Хуурамч дипломын асуудал салбар бүрд асуудал болж хаа хаана ярьсаар буй. Тэгтэл бакалавр, магистрын дипломтой зэрэгцэн докторын зэрэг шаардлага хангахгүй хүнд олгосон явдал “Эрдэмийн их сургуульд” гарсан нь дуугүй өнгөрөх асуудал биш юм. Иймээс энд “Эрдмийн Их сургууль” дээр “хуурамч” докторын зэрэг хамгаалсан П.Лхамсүрэн хэрхэн доктор болсон асуудлыг нягтлаж нэг харцгаая. Үүнд тодорхой баримтуудыг хавсаргасан болно.
Нэгдүгээрт. “Эрдмийн Их сургууль” –ийн доктор хамгаалах эрх олгох эрдмийн зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 8-р хэсгийн 8.8, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 2.2, 2.5 хэсэг үндэслэн хүчингүй болж, 2017 оны 9 сарын 29 татан буугдсан атал 2017 оны 10 сарын 5-ны өдөр эрх нь хүчингүй болсон ДОКТОР хамгаалуулах зөвлөлийг хуйвалдан хуралдуулж хамгаалуулсан.
Хоёрдугаарт. Сайдын тушаалаар цуцлагдсан “Эрдмийн Их сургууль” докторын зэрэг хамгаалуулах ямар ч боломжгүй. Учир нь сайдын тушаалаар батлагдсан Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалуулах албан ёсны зөвлөлөөр хамгаалуулах ёстой.
Гуравдугаарт. Хамгийн их анхаарал татаж буй зүйл нь ДОКТОРЫН зэрэг хамгаалахдаа МУ-ын ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИЙН докторант хэмээн хамгаалсан байх юм!
ДОКТОР-ын зэрэг хамгаалахын тулд заавал үзэх тодорхой хичээлүүдийг тухайн сургууль дээр үзэж, тооцуулах ёстой. Гэтэл П.Лхамсүрэн нь МУИС-д докторант гээд явж байсан хүн Эрдмийн Их сургуульд докторант болсон гэхээр хоёрын хоёр сургуульд докторын түвшинг нэг зэрэг үзэж явсан болж таарах нь… ийм байх боломжтой юу? Түүн шиг дэгсдүүлсэн худал зүйл байхгүй биз. Адаглаад сургалтын төлбөрийг давхар төлөөд явсан гэвэл ихээхэн эргэлзээтэй.
Түүнчлэн МУИС-ын докторт үзсэн хичээлүүдээ “Эрдмийн Их сургууль”-д авч очоод тооцуулсан бол адаглаад ДҮН байх ёстой, гэтэл тийм дүн сургуулийн программд шивэгдээгүй гэхээр сургалтын дүнгүй хүн докторын зэрэг хамгаалсан!
Дөрөвдүгээрт. Хэрэв,”Эрдмийн Их сургууль”-д доктор хамгааллаа гэвэл тухайн сургуульд заавал үзэх ёстой хичээл, хичээлийн дүнтэй, журам хангасан бол тухайн сургуулийн зөвлөлөөс ДОКТОР болох боломжтой. Гэтэл тус сургуулийн ДОКТОР олгох зөвлөл 2017 оны 9 сарын 29 татан буугдсан харин ДОКТОР ГОРИЛОГЧ 2017 оны 10 сарын 5-ны доктор болсон гэдгийг эргэн сануулая.
Тавдугаарт. Ийнхүү хэд хэдэн баримт нотолгоогоор хуурамчаар докторын зэрэг хамгаалсан П.Лхамсүрэнг МУИС-ын захиралын үүрэг гүйцэтгэгч н.Төмөрбаатар тусгайлан шинэ орон тоо гаргаад албаны дарга болгосон байгаа. Энэ санаатай үйлдэл үү? Эсвэл санамсаргүй алдаа юу? Засах эсэхийг захирлын үүрэг гүйцэтгэгч эргэн харах боломж бий юу? гэдэг асуултуудыг үлдээе!
Зургадугаарт. П.Лхамсүрэн нь цаашлаад тус сургуулийн багш нарын холбооны тэргүүнээр ажилладаг. “Багш нарын холбоо”-ны тэргүүн байна гэдэг багш нар хууль бус үйлдлийг эсэргүүцэхэд багагүй тээг болох албан тушаал болчихож байгаа нь эмгэнэлтэй.
Долдугаарт. Хуурамч ДОКТОРЫГ төрүүлсэн “Эрдмийн Их сургууль”-ийг 2015 онд Л.Гантөмөрийн дэмжлэгээр байгуулагдсан оюутангүй, багшгүй сургууль юм.
/нийтэд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн дэргэд сургууль мэтээр ойлгогдож магадгүй! /
Тэгж байгуулдсан хувийн жижиг сургуулиас тушаал зөрчсөн ДОКТОРЫН дүн хаана шивэгдэх үү? Агаарт шивэгдэж байгаам болов уу?
Ийнхүү Л.Гантөмөрийн 2015онд хийгдсэн цөөнгүй пакттай дээд боловсролын салбар дахь дур зоргын үйлдэл эмх замбараагүй авирлагсдын бай болсоны нэг жишээ энэ. Хуучин сайдын МУИС-д 2012-2016 оны хооронд хийгдсэн байнгын өөрчлөлт сургуулийн сургалтын чанарт муугаар нөлөөлж, дотоод зохион байгуулалтанд үр дүнгээ өгөхгүй байсаар байна.
Энэ мэтчилэн шалтгаанаас гадна эрх мэдлээ цөөнгүй ашигласан үйлдлүүд их, дээд сургуулидад залгамж холбоо гэдэг зүйл алдагдах болсоор ирлээ. Ёс зүйн үлгэр жишээг хамгийн их үзүүлэх ёстой эрдэм мэдлэгийг түгээгч улсын мэдлийн их, дээд сургуулиудын захирал, дэд захиралууд хууль бус зүйлд гаршсан, хийсэн томилгоо, албан тушаалд томилогдсон хүмүүсийн ёс суртахуунгүй үйлдлийг хэрхэн таслан зогсоох вэ? МАН-ын хариуцлага тооцно гэж гарч ирсэн уриа “хошгируулалт” байсан уу? Улам бүр чимээгүй харж, дарж, хаацайлж, харсаар суух уу?
С. Тамир