Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, сагсан бөмбөгийн од Коби Брайант өнөөдөр талбайгаа үдэж, түүний 8, 24 хоёр номерыг мөнхлөх ёслол болсон. Ёслол Лос-Анжелесын Staples Center-т болсон аж. Түүний ёслолд баг хамт олон нь, дасгалжуулагч, эхнэр хүүхэд, шүтэн бишрэгчид нь гээд олон хүн оролцсон юм.
Өдгөө 39 настай Коби ёслолын үеэр “Би өнөөдрийг хүртэл өглөө эрт босч, шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн. Орой унталгүй талбайдаа бэлтгэл хийдэг байсан. Бэлтгэлдээ гармааргүй санагдах үеүд ч байсан. Ядарч, цуцна. Гэхдээ л хүн хийх зүйлээ хийсээр байх хэрэгтэй. Энэ сайхан хэрэг” хэмээсэн.
Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О’Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон.
2003-2004 оны улирлын дараа О’Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ.
2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.