“Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн гэгч эр Монгол улсад шинэ төрлийн гэмт хэргийг нэвтрүүлж байгаа бололтой. Тодруулбал бусдад хамтран ажиллах-хөрөнгө оруулах гэрээ хийж эхлээд компанийг нь дараа нь газрыг нь авч, газар дээр нь барилга бариулж хөлждөг нэгэн ажээ. Улмаар уг санаагаа гүйцэлдүүлэхийн тулд бусдыг зодож танхайран, Ноцтой мэдээ сонин захиалга өгч муулуулдаг байна.
Иргэн Ч.Бээжинхүү одоогоос арван жилийн өмнө Зайсанд өөрийн нэр дээр 3,3 га газартай болж уг газраа аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөжээ. Харин уг газарт нь санаархсан “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн хөрөнгө оруулалтын гэрээ хийж, гэрээний хүрээнд 400 000 ам.доллар өгье гэж тохирсон байгаа юм. Улмаар гэрээ 2013 онд хийгдэж мөнгө өгөлцөж авах дээрээ тулахад Б.Лхагвасүрэн эмэгтэй хүнд эр бяраа гаргаж газрын эзэн болох Ч.Бээжинхүүг зодож танхайрсан байна. Үүний зэрэгцээ гэрээний хүрээнд Ч.Бээжинхүүгийн “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийг өөрийн нэр дээр болгуулж чадсан. Улмаар төрийн албан хаагчидтай “үгсэн хуйвалдан” Ч.Бээжинхүүгийн “Ихэр Нева” ХХК-ийн захирлаар өөрийн хүү Л.Золбоог томилуулсан байна. Нэгэнт компанийг өөрийнхөө нэр болгоод авч чадсан Б.Лхагвасүрэн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Энэ бүхнийг нь таслан зогсоох гэж иргэн Ч.Бээжинхүү шүүхэд хандаж, анхан, давж заалдах, УДШ-эд хандсан байдаг бөгөөд шүүхээр хэргийг хэлэлцэж байх үед тухайн газарт орон сууцны хороолол сүндэрлэсэн байгаа юм. УДШ-ээс Ч.Бээжинхүүгийн компани, газрыг Б.Лхагвасүрэн гэгч нь луйвардаж, хууль бусаар авсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Б.Лхагвасүрэн бусдын газар, компанийг шүүхдээд явж байхдаа л Хятадуудаас хөрөнгө оруулалт авч орон сууцны хороолол барьж, Ч.Бээжинхүүг дахин хохироогоод зогсохгүй, Хятад иргэдийг залилсан байна. Энэ үйлдэл нь илрээд ирэхийн цагт тэрбээр Ноцтой мэдээ сонины сэтгүүлч Б.Ойдав гэгчид 150 000 000 төгрөг буюу 2 өрөө байр өгөхөөр амлаж, Ч.Бээжинхүүг захиалгаар гүтгүүлсэн байгаа юм.
Баримт нотолгоогүй бусдыг удаа дараа гүтгэсэн Ноцтой мэдээ сонин, гүтгэх захиалга өгсөн Б.Лхагвасүрэн өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа. Шалгагдах шалгагдахдаа яллагдагчаар татагдаад байгаа. Яллагдагч Б.Лхагвасүрэн залилан, хүн зодсон, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг олон зүйл ангиар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Түүний үйлдсэн гэм буруутай үйлдлийг нотлох хоёр хавтаст хэрэг байгаа гэдгийг эх сурвалжууд ч баталдаг. Тухайлбал, Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүд 400 000 ам.доллар өгсөн хэмээн хуулга барин тавин үзүүлдэг. Гэвч тэрхүү баримт хуурамч болох нь Ч.Бээжинхүүгийн банкны дараах хуулгаас харагдана.
“Б.Лхагвасүрэн залилангаар мэргэшсэн нэгэн бөгөөд бүхнийг мөнгөөр худалдан авах сонирхолтой, олон хүн луйвардсан” гэдгийг иргэн Ч.Бээжинхүү хэлдэг. Үүнийг батлах нэг баталгаа нь Б.Лхагвасүрэн хуурамч бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан байдаг бөгөөд үүнийг нь хуулийнхан мөн нотолсон байдаг.
Үнэнд гүйцэтгээд ирэхийн цагт ЯЛЛАГДАГЧ Б.Лхагвасүрэн Ноцтой мэдээ сонины эрхлэгч Б.Галсансүхэд ярилцлага өгч Ч.Бээжинхүүг дахин гүтгэсэн байгаа юм. Яллагдагчаар татагдчихад байгаа хэрнээ ахин дахин хүнийг гүтгэж байгаа нь Б.Лхагвасүрэн засрашгүй этгээд болох нь нотлогдож байна.
Тиймээс иргэд, ААН-үүд хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, тухайн хүн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа эсэхийг нягталж байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Dorgio.mn