Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтран ажиллана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийслэл хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгох” зорилт болон Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал бөгөөд нийслэлээс бизнес эрхлэгчдэд ээлтэй шийдвэрүүд гаргахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн санамж бичиг байгуулах үеэрээ хотын дарга онцолж байсан юм.

Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн болон зах зээлийн орчныг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, ногоон эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг хамтран зохион байгуулна. Мөн “Зах зээл судлалын хүрээлэн” нь нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах, төслийн багуудыг чадавхижуулахад шаардагдах сургалтыг явуулж байхаар санамж бичигт тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …