Амай нэрээрээ олны танил болсон, Монгол бадарчин Жамбалсүрэнгийн Золбаяртай ярилцлаа. Тэрээр 2005 оноос эхлэн 11 жил бадарчилж, дэлхийг тойрсон цор ганц монгол хүн билээ. Түүний “Монгол Бадарчин” хэмээх цуврал номууд өнөөг хүртэл уншигчдадаа хүрсээр байгаа. Гэвч тэрбээр бөөрний дутагдалд орсон тул эрчимт эмчилгээнд орсон байна.
-Таны бие тааруухан эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Харин өнөөдөр (өчигдөр) номоо хүргээд явж байх юм. Эмнэлгээс гарчихсан юм уу?
-Эмнэлэгт хэвтсэн. Одоогоор аппаратад холбогдчихсон байгаа юм. Долоо хоногт гурван удаа цусаа шүүлгээд, бусад үед нь гэрээрээ энгийн амьдралын хэв маягтай байна. Ингээд бүхнийг болгохоос өөр арга байхгүй ээ.
-Хаана эмчлүүлж байна вэ. Эмчилгээний үр дүн хэр байна. Аппаратаасаа хэзээ гарах боломжтой юм бол?
-Аппаратаасаа гарах үгүйг мэдэхгүй байна. Энэ нь манай УИХ-ынхантай их холбоотой болчихож байгаа юм. Донорын хууль гарахгүй байна. Донорын хууль гарахгүй бол аппараттай л амьдарна гэсэн үг л дээ.
-Гадаадад бүрэн эмчлүүлчих боломж, бололцоо хэр байгаа бол. Та судалж үзэв үү?
-Манайхан бушуухан л гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог. Харин би Монголынхоо эмч нарт итгэж байгаа. Уг нь Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч байгаа монголчууд нийлж, нэгдээд намайг эмчлүүлье, бүх эмчилгээг нь даая хүрээд ир гээд байгаа. Намайг ингэж дэмжиж байна. Саяхныг хүртэл би өөрийгөө ийм их дэмжлэгтэй байсныг мэдээгүй байлаа шүү дээ. Ийм дэмжлэг байгаа ч би гадагш явчихмааргүй байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна шүү дээ. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихаар байна шүү дээ.
-Бөөрний өвчнөөр шаналж буй тийм олон хүн байна уу?
-Би олны танил болохоор л, олны анхаарлын төвд орчиход байгаа болохоос биш, олон мянган залуус эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж, энэ өвчнөөр шаналж байна. Тэгэхээр би тэр хууль гартал аппаратаа зүүгээд, шаналж буй бусад хүмүүсийнхээ төлөө явна.
-Та хувиа хичээхгүй байгаа юм байна. Өөрийгөө амьд үлдээхийн төлөөх бодол биш юм шиг?
-Хувиа хичээх гэдэг зүйл байх ёсгүй. Энэ олон мянган хүний төлөө хууль дүрэм гаргаад хэрэгжүүлчих хэрэгтэй байна. Миний өөрийн үзэл угаасаа ийм. Эрүүл мэндийн салбарыг нам, хэсэг фракц бүлгийн хувийн өмч шиг болгочихож. Эм тангийн бизнесүүдийг нь болиулах шаардлагатай байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орсноос болоод эрүүл мэндийн салбарын чухал хуулиуд нь гарч өгөхгүй юм. Маш олон хүний эрүүл мэнд амь нас асуудалтай байна. Ингэж өвдөөгүй байхдаа би аялал жуулчлал, соёл урлагийг илүү анхаараад, ийм хүнд байгааг нь мэдээгүй явсан байна. Аппарат цусандаа залгуулаад хэцүү байна, чанга л байна шүү дээ. Угаасаа ингээд болгохоос өөр арга байхгүй. Амьдрал баялаг шүү дээ.
-Донорын хуулиа батлаач гэж та төрийнхөнд албан ёсоор хандсан уу?
-Энэ олон жил яригдаад л, судалгаа хийгээд л байгаа шүү дээ. Гацчихаад байгаа энэ асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй, эрүүл ухаантай юм бол тэд ойлгож байх ёстой. Донорын хууль батлагдтал нь аппараттайгаа байна би. Ганцхан миний эрүүл мэнд биш, Монгол Улсад тулгамдсан асуудал тул, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна.
-Мөнгөтэй нь гадаадад эмчлүүлээд, мөнгөгүй нь амиа алддаг. Хэцүү хүнд тогтолцоог өөрийн биеэр мэдэрч, энэ байдлыг өөрчлөхийг хүссэн их зориг юм байна…
-Бөөрийг тусгай төхөөрөмжөөр цэвэрлэдэг энэхүү аппаратынх нь материалын үнэ л 200 мянган төгрөг. Нэг удаа хэрэглээд хаях аппарат гэсэн үг. Үүн дээр асаргаа сувилгаа, арчилгаа, эм тан гээд олон төлбөр нэмэгдэнэ. Би бөөрний дутагдалд орсноор долоо хоног амьдрахад 500 мянган төгрөгийн техникийн зардал гаргаж байна гэсэн үг. Эм тан зэрэг бусад зардлууд нийлээд 800 гаруй мянга болдог, зөвхөн долоо хоногт. Тэгтэл тавдугаар сараас өмнө энэ байдал бүр хүнд байж. Тодруулбал, өмнө нь энэ аппаратынхаа мөнгийг иргэд өөрсдөө төлдөг байсан юм билээ. Харин энэ оны тавдугаар сараас хойш энэ аппаратын мөнгийг улсаас даадаг болсон байна. Миний эмчилгээнд долоо хоногт улсын төсвөөс 800 мянга, сард гурван сая орчим төгрөг зарцуулж байна. Яг над шиг аппараттай хэдэн мянган хүн бий. Донорын хуулиа батлаад, энэ хүмүүсээ яаралтай аппаратаас гаргахгүй бол улсын төсвөөс маш их мөнгө гарч байна. Улсын төсөв гэдэг чинь ард түмний татварын мөнгө гэсэн үг шүү дээ. Ард түмний нуруун дээр ийм их ачаа үүрүүлээд байна.АНУ шиг том гүрэн байгаа биш. Монголчууд цөөхөн, хоорондоо ярилцаад л гаргачих хууль шүү дээ.
-Манай эрх баригчид мэдэхгүйгээсээ болоод хийдэггүй. Донорын хуулийг боломжийн нөхцөлөөр яаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Донороо хаанаас олох вэ?
-Жишээлбэл, АНУ-д жолооны үнэмлэх олгохдоо “Та ямар нэгэн байдлаар амиа алдлаа гэхэд донор болох уу, таны эрхтэн авахыг зөвшөөрөх үү” гэж асуугаад анкет бөглүүлчихдэг юм байна. Иргэд нь “тийм ээ, болно” гэчихдэг. Монголчууд ийм байдал руу шилжиж яагаад болохгүй гэж. Миний тархи үхэжчихсэн, бусад эрхтэн нь эрүүл байлаа гэж бодоход эрүүл эрхтнүүдээ өгөөд, бусад монгол хүмүүсээ аварчихаж болно шүү дээ.
-Таныг өвдсөн гэж дуулаад, хүмүүс номуудыг нь худалдаж авч өөртөө хөрөнгө оруулж, өчүүхэн ч болов эмчилгээний зардалд нь тус болъё гэж байгаа юм билээ. Таны номууд хаагуур борлуулагдаж байна?
Номын бүх дэлгүүрүүдээр байгаа. Номыг хамгийн чанартай, хамгийн гоё байх ёстой гэж боддог. Сүүлийн гаргасан номоо урлагийн бүтээл болгочихсон. Ном тухайн айлд өвлөгдөн хэдэн үеэр үлдэх учраас гоё байх хэрэгтэй. Хүмүүс номондоо дурлаж байх ёстой. Миний номуудын хэвлэлийн бэлтгэл ажил, зардал нь 100 гаруй сая, аяллын зардал нь 400 гаруй сая болсон. Миний хийгээд байгаа ном бол айл болгонд байх ёстой тэмдэглэл, илгээмжүүд байгаа юм. Эмнэлэгт оргүй хэвтэж байгаа намайг хараад хүмүүс өрөвдсөн юм шиг байна. Их худалдан авсан байна лээ. Уншигчдадаа баярлаж байгаа. Орлого нэлээд орсон тул орлогоороо, номын хэвлэлтийн зардлын өрөө дарж дуусгалаа. Харин өнөөдөр (өчигдөр) гэр худалдаж авч байгаа юм. Би 11 жилийн турш бадарчин байсан учир өөрийн гэсэн өмч хөрөнгө ер байхгүй. Аппаратад уяатай болж байгаа учраас, өөрийн гэсэн гэртэй болох хэрэгтэй байна. Эхний ээлжид монгол гэртэй болъё, гэртэй болчихоод дараагийн зүйлсээ бий болгоно.
-Гэрээ хаана барих вэ, хотод их утаатай өвчтэй хүнд амьдрах аргагүй байна шүү дээ?
-Хотоос гарч гэрээ барина. Нэг хүн ч гэсэн энэ бөглөрөөнөөс холдож өгье. Гэхдээ гурав хоног тутамд нэг удаа хотод ирж аппаратанд орно. Намайг дагаад хотоос гарах хүмүүс байгаа байх гэж бодож байна. Хотын их бөглөрөө, агаарын бохирдол дунд бүгдээрээ хохироод байна шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу