Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах тогтоол гарлаа.
Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын 7 холбоодоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг 8 дугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг тус тус 6 дугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.