Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 11. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр.
Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.