“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно

Шинэ жилийн баярын өдөр зохион байгуулах “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний зохион байгуулалт болон эдгээр амралтын өдрүүдэд холбогдох албаныхан хэрхэн ажиллах талаар нийслэлийн Соёл, урлаг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Тээврийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас  хамтарсан хурал хийлээ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно

 Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ. Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 01 дүгээр сарын 01 ний 02 цаг хүртэл үйлчилнэ. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэв.

Иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдан авч ашиглахгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч С.Эрдэнэбаяр “Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын нийслэлийн хүрээний анги, салбарын нийт бие бүрэлдэхүүн 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Шинэ жилийн баярын цэнгүүнийг тэмдэглэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн шөнө Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг 5 газарт албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулах ажиллагааны үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулаад байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу бидний хэлдэгээр салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэдэд анхааруулж байна” гэлээ.

“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна. Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 29, 30, 31, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваарийн дагуу байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …