Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.
НИТХ 2017 онд нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны ёс зүй, ил тод байдал, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалт, дэд бүтцийг хурдацтай хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрх иргэд оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулахтай холбоотой олон ажлуудын эхлэлийг тавилаа.
Нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого шийдвэрийг хотын өнөөгийн амьдралын бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, нийгмийн захиалгатай уялдуулан эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо, судалгаа, өндөр технологийн шийдэлд үндэслэн тодорхойлж, хэрэгжүүлэх зарчмыг НИТХ цаг ямагт баримтлан ажиллах болно.
Мөн НИТХ угтан золгож буй 2018 онд нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээс эхлээд хотын зам дэд бүтэц, нийтийн тээвэр, цаашлаад нийгмийн салбарын хөгжилтэй холбоотой олон төсөл хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх, дэлхийн хөгжингүй хотуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй ухаалаг хот байгуулалт, иргэний хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөлөө.
Бид бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхдээ иргэд оршин суугчид та бүхнийхээ идэвхи санаачлага, хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болно.
Нийслэлчүүд та бүхэндээ
Улиран одож буй оноо ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр үдэж
Угтан айлчилж буй шинэ жилдээ эрүүл энх байж, амжилт ололтоор арвин, инээд баяслаар бялхаж явахын ерөөл өргөе.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН