НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:
Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрэглэгчийн овог, нэр
Регистрийн дугаар
Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
Утасны дугаар
Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар. Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.
Хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Бүртгэл нэгтгэх заавар видеог хүргэж байна.
Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн (2017 оны) сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн (2018 оны) эхний 8 өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
Татварын алба нь (Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ) НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад (Татварын ерөнхий газар) хүргүүлдэг.
Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад (Сангийн яам) хүргүүлнэ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргадаг журамтай.
Татварын Ерөнхий газар