Маргарет Тетчер нь 1925 оны 10-р сарын 13-нд Английн Грантамд мэндэлжээ. Түүний аав нь хотынхоо зөвлөлийн гишүүн, консерватив үзэлтэй нэгэн байв. Маргарет багаасаа сурлага сайтай охин байсан бөгөөд “Оксфордын их сургууль”-д тэнцэж, “Сомервилле” коллежийн химийн ангид суралцах болов.
Коллежоо төгсөөд хоёр жилийн дараа Тетчер төрийн албанд орох гэж анх удаа сонгуульд өрсөлдөв. 1950 онд парламентийн сонгуульд консерватив намаас нэр дэвшихдээ эхний өдрөөсөө л өрсөлдөгчөө ялж чадахгүй юм байна гэдгээ мэдэрсэн гэдэг. Гэсэн хэдий ч Тетчер өөрийн хэлсэн үг, илтгэлээрээ өөрийн намдаа хүндэтгэл хүлээжээ. Анхны сонгуульдаа ялагдсан тэрээр мөн дараагийн оролцсон сонгуульдаа ч ялагдал хүлээв. Шантрах цуцахыг огт бодолгүй Тетчер 1959 оны сонгуулиар дахин өрсөлдөж, Төлөөлөгчдийн танхимд Флинчейг төлөөлсөн гишүүн болжээ. Мөн 1961 онд Үндэсний тэтгэвэр, Даатгал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдлоо. Эдгээр цаг үе бол Тетчер өөрийгөө Засгийн газарт хүлээн зөвшөөрүүлж чадсан үе байлаа. Энэ бол түүний улс төрийн амьдралын их амжилтын дөнгөж эхлэл байсан юм.
1970 онд 6-р сараас Консервативчууд Засгийн газраа тэргүүлэх болов. Тетчер Боловсрол, Шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо дунд сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй тараах төслийг зогсоож, төмөр нүүрээ харуулж эхэлжээ. Эмэгтэй сайдаас төмөр мэт хатуу шийдвэрийг авсан эцэг эхчүүд түүнд “сүүний хулгайч” гэх хоч “хайрлав”.
1974 он. Тетчер нам дотроо хамгийн нөлөө бүхий гишүүн нь болов. 1975 онд тэрээр намынхаа дарга болж, сөрөг хүчний анхны эмэгтэй тэргүүн хэмээх тодотголыг хүртлээ. Англи улс энэ үед эдийн засаг, улс төрийн хямралтай байлаа. 1979 онд нийгмийн энэ тогтворгүй байдал нь сөрөг хүчин болох Консерватив намыг засгийн эрхэнд буцан гарахад нөлөөлсөн гэдэг.
1979 оны 5-р сард Англи улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон нь Маргарет Тетчер Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон явдал юм. Ерөнхий сайд байх хугацаандаа “Төмөр хатагтай” Маргарет Тетчер үймээн самуун, хямрал гээд олон асуудлын амжилттай шийдэж чадсан чадварлаг улс төрч, гайхалтай бүсгүй билээ. Хоёр ч удаа Ерөнхий сайдын албанд сонгогдон ажиллаж байсан тэрээр гурав дах удаагаа сонгогдсоныхоо дараагаар орон нутгийн татвар төлдөггүй иргэдийн сонгуулийн эрхийг хасах бодлого хэрэгжүүлж эхэлсэнээрээ тэрээр ард түмнийхээ эсэргүүцэл, намынхаа дарамт шахалттай тулгарчээ. Ингэснээр 1990 оны 11-р сарын 28-нд Английн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд М.Тетчер огцорсон юм.
Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгснийх нь дараагаар 1992 онд Тетчерийг Лордуудын танхимд томилж, Кествений Баронесс Тетчер хэмээх цол олгожээ. Түүнчлэн 2007 онд үзэл бодолдоо үнэнч, хүчирхэг удирдагч Тетчерийн баримлыг Төлөөлөгчдийн танхимд залсан юм.
Хувийн зан төрхийн тухайд “Төмөр хатагтай” агуу тэвчээртэй нэгэн. “Би үүнийг хийх л ёстой” гэсэн гол зарчмыг баримталдаг байсан нь түүний амжилтын нэг нууц нь байж болох юм. Тэрээр бусдыг өөрөөсөө илүү үнэлж чаддаг байсан нь түүний нэр хүндийг асар ихээр өргөж өгч байжээ. Түүний бас нэгэн гайхалтай чанар бол бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, нөхөрлөж чаддаг байдал.
Британийн өнөө үеийн охид залуус түүний дайчин шийдэмгий байдал, үзэл бодолдоо туйлын үнэнч зэрэг гайхалтай шинж чанараас нь суралцаж, өөрсдийн баримтлах зарчмыг болгож байна.