Олон ч парламент, олон ч гишүүдийг харсан даа. Гэвч энэ парламентынх шиг байсхийгээд л эр, эмийн асуудалд холбогдоод, дуулиан шуугиан болоод байсан нь тун ховор юмдаг. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн “бандааш” гэдэг хоч хүртэл авчихаад үг, үйлдэл бүртээ амьтны элэг доог болж явах вэ дээ. Тэгсэн удаагүй “бандааш” хочитын “гал хам” нэг танхимаас төрлөө. Түүнийг Д.Мурат гэх. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт нэр дэвшиж сонгогдсон төрийн түшээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн, “Эрчим- Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгэн тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдон төр түшилцэж байгаа гэдгийг нь Б хохирогчтой энэ хэргийн дараа л иргэд мэддэг болсон байх. Түүнээс өмнө тэрээр УИХ дахь “короля” нарын л нэг байсан. Гэхдээ “дуугүй хүний доодох нойтон” гэгчээр чимээгүй суудал бөглөөгүй гэдэг нь олноо ил болж, түүний бэлгийн дарамтын хохирогч болсон бүсгүй хэвлэлүүдэд хандаж эхэллээ.
Д.Мурат өөрөө бол “би хохирогч” гээд л мэдээлэл өгч байгаа. Мөн түүний гомдлын дагуу хуулийнхан хөдөлж, шалгаж эхэлсэн гэх. Тэгвэл хохирогч Б бидэнд хандаж дараах гомдлыг ирүүлсэн юм. Эхнийх нь УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэд хаягласан гомдол, дараах нь УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан гомдол.
Гомдолд хохирогч бүсгүй болсон явдлыг нуршихаасаа илүү УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүн ёс зүйтэй байх учиртай, түүнийг нь сахин хамгаалах үүрэг нь УИХ-ын дарга болоод намын даргад нь байх учиртайг сануулжээ. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу ёс зүйн хариуцлага тооцно гэж итгэж гомдол гаргасан тухайгаа мэдээлсэн юм.
Гэвч “УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал” гэх зүйл бүсгүй хохирогч бус харин шантаачлагч нэгэн болгоод байна уу гэж харагдах боллоо. Мэдээж шүүх эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй үед бүгд л хохирогч байх нь ойлгомжтой. Гэвч хууль шударга бус үйлчлэх вий гэсэн хардлага төрж байна. “Бандааш” гишүүний хэрэг одоо ч шийдэл олоогүй, хохирогч бүсгүй олон нийтэд “биеэ үнэлэгч” мэтээр ойлгогдоод л явж байгаа. Энэ хэрэг ч мөн адил замхарч, нүцгэн зургаа хүүхнүүд рүү илгээж, элдэв дарамт үзүүлдэг, асуудал нь ил болохоор “би хохирогч” гээд хуулийн цаана нуугддаг ёс зүйн доголдолтой хүмүүс төр түшсээр байх вий дээ. Үүнээс л айж байна. Хохирогч Б-д нотлох баримтууд их бий. Хүсвэл дэлгэж болно гэж мэдэгдсэн. Гэвч төрийн түшээ хүн холбогдсон хэргээ үнэн зөвөөр шийдүүлж, олны өмнө гарч ирээд нэрээ цэвэрлэхийн оронд утасны цаана нуугдаж, далдуур тохиролцох тухай ярьж яваа нь сонин.
Үнэхээр хохирогч мөн бол, үнэхээр тэдгээр зургууд эвлүүлэг юм бол, ядаж л өмнөх гишүүн шигээ би “бандааштайгаа гарсан” гээд төрийн ордонд мэдээлэл хийчих зүрх зориг Д.Муратад алга. Энэ нь түүнийг энхийн цагаан тагтаа биш юм байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна шүү дээ. Тэгээд ч төр түшилцэж яваа хүн ийм асуудалд холбогдоод, шүүх, цагдаадаа тулаад явж байна гэдэг үнэхээр ичмээр хэрэг биш үү. Манайхаас өөр оронд аль хэдий нь уучлалт гуйгаад огцорчихсон байгаа л даа. Манайд болохоор “би хохирогч” гээд мэлзээд явдаг талтай. Хохирогч мөн байлаа ч “овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж үг байдаг даа.