Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд таван хоногийн хугацаа өнгөрөөд байна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорнод аймгаас Сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлж нар зөв тойрон сурталчилгаагаа хийж явна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд Өвөрхангайн Хархорин сумаас сурталчилгаа эхлүүлэн төрсөн нутаг Архангай аймагт сурталчилгаагаа үргэлжлүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа одоогоор тогтуухан үргэлжилж буй юм.
Нэр дэвшигчидийн сонгуулийн сурталчилгаанаас харахад тэдний сурталчилгаа эсрэг тэсрэг, эрс ялгаатай нь ажиглагдаж буй. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарын сурталчилгаа хэвлэл мэдээлэл төдийгүй цахим мэдээллийн хэрэгслээр хүчтэй цацагдаж буй бол Н.Удвалын хувьд төдийлөн сурталчилгаа хийгдэж буй нь анзаарагдахгүй байна гэж сонгуулийн ажиглагчид тэмдэглэж байна.
Н.Удвалыг намынх нь зүгээс ч дэмжлэг бага байгаа бололтой юм. Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар өөрийн хувийн цахим хуудсаа ажлуулж, сурталчилгааныхаа мэдээллийг цаг тутам олон нийтэд хүргэж буй бол Н.Удвалын хувьд хувийн цахим хуудас нээгээгүй бөгөөд МАХН-ын албан ёсны цахим хуудаст түүнтэй холбоотой мэдээлэл тавигдахгүй байгаа нь намынх нь зүгээс түүнийг тун бага дэмжиж байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Хэвлэл мэдээллээр гарч буй сурталчилгаа Н.Удвалынх ийнхүү өрсөлдөгчидөөсөө тун бага байгаа төдийгүй твиттер, facebook хуудаснаа ч түүний сурталчилгаа бага хийгдэж байгаа ажээ.
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж одоогийн байдлаар твиттер хуудастаа 60 мянга шахам хүнийг дагуулж буй бол, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ саяхан нээсэн ч твиттер хуудастаа 8000 гаруй хүнийг дагагчтай яваа юм. Харин МАХН-ын Нэр дэвшигч Н.Удвалыг 100 хүрэхгүй хүн дагаж буй аж. Залуусын саналд цахим мэдээлэл ихээхэн нөлөөлдөг гэж сонгуулийн мэргэжилтнүүд үзэж буй . Гэвч төрийн тэргүүний сонгуульд хүч үзэж буй Н.Удвал хадагтайг ийнхүү цахим ертөнцөөс ангид байгаад гайхах хүн байна.
Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй анхны эмэгтэй түүнд итгэл хүлээлгэх хүн байгаа ч гол өрсөлдөөн МАН, АН-ын нэр дэвшигчидийн хооронд болно гэж үзэж буй юм.
Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээснээс үзэхэд түүнийг улсаасаа сонгогдох Төрийн тэргүүний сонгуульд дэмжлэг авах магадлал тун бага байгаа юм. Мөн намынх нь ретинг АН, МАН-тай харьцуулахад тааруу, 20 хүрэхгүй хувь байгаагаас үзэхэд ялах боломжгүй гэсэн дүгнэлтийг ажиглагчид өгөөд байна.
Дээр нь ийнхүү PR, сурталчилгаа залуусын дунд муу байгаа нь ялалт байгуулах боломжийг улам багасгаж буй гэж үзэхээс аргагүй юм.
Т.Түвшин
Ugluu.mn