Баячуудын хүүхдүүдийн “золиос” болсон Г.Номуундарь охины хэрэг хэрэгсэхгүй болно гэв үү

Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ

“Сүх далайтал үхэр амар” гэж монголчууд ярьдаг. Гэтэл яг ийм зүйл улс орны өмнө тулгарчихаад байхад бид амар амгалан, аажуу тайван суусаар л байна. Иргэд та бидний итгэж найдаж сонгосон УИХ-ын эрхэм гишүүд ар араасаа бөөр бөгсний хэрэгт “орооцолдож”, тэртэй тэргүй дундаж наслалт доогуур байсаар атал ажил хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн насыг төр засгаас “тэтгэврээ авалгүй үхээд өг” гэж байгаа мэт уртасгаж, 600 гаруйхан ам.доллар хүрэхгүй цалингийн орлогоос татвар авч, томчуудын хүүхэд залуус нь хар багаасаа “хар тамхи” хэрэглэж, тэдний дунд хүчин, амиа егүүтгэх хэргүүд энгийн үзэгдэл мэт болчхоод байхад бид “чимээгүй суусаар” л байна.
Хөгжиж буй, хөгжих нь тодорхой нийгэмд хариуцлага гэдэг зүйл нийгмийн бүх шатанд төлөвшин тогтсон байдаг. Хамгийн ойрын жишээг дурдвал, өнгөрсөн онд БНСУ-ын иргэд хэдэн саяараа нэгдэн жагсаж, Ерөнхийлөгчөө огцруулж, түүнийг шоронд хорьж яллаж байгааг бид харж болно.

Protesters hold candles during an anti-government rally in central Seoul on November 19, 2016. Photo: REUTERS

Эгэл жирийн солонгосчууд төрийн хэргийг зөвлөх нэртэй зөнчид даалгасан, Ерөнхийлөгчийн нэр сүрээ ашиглан их хэмжээний хөрөнгийг хувийн компанид шилжүүлсэн, олон арван сурагч хүүхдүүд усан онгоцны ослоор амь насаа алдаж байхад гоо сайхны газар үйлчлүүлж байсан гэх зэрэг шалтгаануудаар Ерөнхийлөгчөө огцруулсан.

…Харин бид хаана явна вэ…, мэдээж олон зүйл хэлж бичиж болох ч эдгээрээс Монголын ирээдүйд аюулын харанга хэдийнээ дэлдэх хэмжээнд хүрсэн “мансууруулах бодис”-ын тухай баримт түшин хэдэн зүйлийг өгүүлье.
Энэ асуудалд олон талаас нь анхаарал хандуулахгүй бол өсвөр үеийнхэн зэрэгцэж суугаад дундаа пицца тавиад идэж байгаа мэт хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг явдал энгийн үзэгдэл болох нь байна.

Хуулийн орчин
Дэлхийн ихэнх улс орнууд Хар тамхи, мансууруулах бодистой маш хатуу тэмцдэг. Учир нь мансууруулах бодисыг хэрэглээ, худалдаа, түгээлт нийгэмд далдуур бий болох маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Манай өмнөд хөрш Хятад улс гэхэд хар тамхины хэрэгтнийг “өчиггүй” цаазаар авдаг. Тэгвэл манай улсад ийм гэмт хэрэгт оногдуулах хуулийн хариуцлага ямар байдаг вэ?
Юуны өмнө 2002 оноос 2017 оны 7 сарын 1 хүртэл хэрэгжиж байсан өмнөх Эрүүгийн хуулийн заалтыг харья. Энэ хуулийн 192 зүйлийн 1-3 хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад хүлээлгэх хариуцлагыг 2-15 жил гэж заажээ. Гэвч энэ хуульд хар тамхи “хэрэглэх” гэдэг үг байхгүй байв.
Тэгвэл одоо шинэ эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харья. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага ямар байгааг тодруулья.Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мөн хуулийн 20.8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэсэн хоёр зүйл ангийн алинд нь ч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан хариуцлага байгаа атлаа “хэрэглэх, худалдан авахтай” холбоотой үг өгүүлбэр байхгүй байна.
Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ? Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, болох хар тамхийг хэрэглэж болно гэсэн үг юм уу, ерөөс томчуудын “хүүхдүүд” хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг учраас тэднийг ял завшуулахын тулд энэ үгийг хуульд орууулаагүй гэсэн үг үү?
Нэгэнт Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хэрэглэсэн, худалдаж авсан хүнд оногдуулах зүйл анги” байхгүй байгааг өмгөөлөгчид овжиноор ашиглан эл хэрэгт холбогдогсдыг хуулийн хариуцлагаас чөлөөлүүлэх үндэслэл болгож байна. Мөн Эрүүгийн хуулийн дээрх заалт нь мөрдөн байцаагчид, прокуроруудад “хоёр үзүүртэй зүү” шиг аль ч талд нь “ажиллаж” болох нөхцлийг бий болгоод байна.
Хууль санаачлагчид, ХЗДХЯ, эрх зүйч хууль мэргэжилтэй хүмүүс энэ асуудлын хүрээд тайлбар өгч, үнэхээр хар тамхи хэрэглэсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм бол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ хэрэгт оногдуулах ял гэмийг тусгаж өгөх хэрэгтэй болов уу?

Дуулиант хэрэг замхардаг стийл
Бид аливаа асуудлыг сэрдхийж хүлээж авах атлаа тэгсгээд амархан мартчихдаг гэмтэй. Сар гаруйн өмнө Монгол улсын Уул уурхайн сангийн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Түүний хийсэн энэ бичлэгт олны танил нэр нөлөө бүхий олон хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болох тухай мэдээлэл дурьдагдсан байдаг. Бичлэг гарсны дараа Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гээд эл хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Г.Номуундарь охин бичлэгтээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх 30 гаруй залуусын нэрийг дурьдсан байдаг ч харамсалтай эдгээр залуусын дийлэнх нь Монголд байхгүй гадаадад гарчээ. Энд үлсэн залуучуудаас хар тамхины шинжилгээ авахад нэлээд хэдэн залуус хар тамхи хэрэглэдэг нь илэрсэн байна.
Хохирогч охины аав Д.Ганхуяг хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө: “2015 оны 6 сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой …………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан байдаг.

Тэгвэл Г.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий залуус болох залуугаас байцаалт авч эхэлсэн гэдэг. Тодруулбал “Амжилтаа Ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр болон нүцгэн эмэгтэйн зураг авдаг Б.Бэлгүүнтэй,  UFC группийн захирал О.Амартүвшины анхны эхнэрээс нь төрсөн хүү А.Тэргэл нарыг шалгаж эхэлсэн байдаг.  Гэвч эх сурвалжийн хэлж байгаараар энэ хэрэг гарсны дараа дээрх “томчууд” хэдийнээ хүүхдүүдээ гадаадад “сурах”-аар явуулжээ. Э.Энх-Очир АНУ-д цэргийн сургуульд сурч байгаа бол, А.Тэргэл Япон улсад суралцаж байгаа гэнэ. Г.Номуундарь охины бичлэг гарсны дараагаас дээр нэр дурьдагдсан залуус өөр өөрсдийгөө “хар тамхи татаж үзээгүй, хүчингийн хэрэгт хамаагүй” хэмээн зарлаж, бүр сүүлдээ нийгэмд “шүгэл үлээсэн” Г.Номуундарь охиныг “сэтгэцийн юмтай” мэтээр олон нийтэд харагдуулахыг “оролдсон байдаг”
Энд бас нэг зүйл ихээхэн ойлгомжгүй байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хохирогч Г.Номуундарь охин томчуудын хүүхдүүд хар тамхи татдаг, зарим нь бүр охидыг мансууруулаад хүчинддэг тухай мэдээллийг зоригтойгоор, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулан байж мэдэгдчихээд байхад манай хуулийн байгууллагынхан хэргийг хуулийн хүрээнд шалгахаас өмнө яаран сандран охины “эсрэг” гэмээр мэдэгдлийг хийсэн нь анхаарал татдаг. Тухайлбал, Улсын Ерөнхий Прокурорын газрын Xэвлэл, мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэл хийсэн. Зүй нь бол эрүүгийн хэргийн дугаар авч үүсгэгдэж байж дараа нь төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж, яллах дүгнэлтийн санал ирүүлэх ёстой прокурорын байгууллага Цагдаагийн байгууллагаас урьдаж 12 сарын 16-ны өдөр олон нийтэд хэргийн талаар мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ 2 жилийн өмнөх хүчингийн хэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн байдаг. Хуулиараа бол хэзээ ч хэрэг явдал тогтоогдоогүй байхад Прокурор, хууль хяналтын байгууллага түрүүлж мэдээлэх ёсгүй.
Сэтгүүлч миний ойлгож байгаагаар хэргийн нөхцлийг прокурор, шүүх эмнэлгийн аль ч биш гагцхүү Монгол улсад Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн байгууллага л эцэслэн тогтоох учиртай. Мэдээжийн хэрэг хоёр жилийн өмнө болсон хүчингийн хэргийн ул мөр ил байхгүй нь хэн бүхэнд тодорхой. Гэхдээ үүнийг үүнийг бусад нотлох баримтууд, сэжигтэн болон гэрчүүдийн мэдүүлэг, нотолгооны хэрэгслүүдэд үндэслэн шүүх шийдэх ёстой. Мөн П.Өлзийжаргал прокурор дээрх мэдэгдэл ярилцлагадаа Г.Номуундарийн мэдэгдэлтэй холбогдуулан “Бусдын нэр төрд халдах, гүтгэх зэрэг нь хуулийн дагуу хориотой гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн нь ямар учиртай вэ? Бусдыг гүтгэсэн эсэхийг прокурор тогтоодог юм биш гэдгийг энэ хүн уг нь сайн мэдэж байгаа даа.
Эндээс харахад хуулийн байгууллагын зарим ажилтнууд яаран сандран, хууль зөрчин мэдэгдэл хийж, хэргийг нотлогдохгүй мэтээр ярих нь тэд Г.Номуундарийн эрх ашгийг хамгаалаад байна вэ гэдэгт эргэлзэхэд хүрлээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг охиныхоо гомдлыг цагдаагаас эргүүлэн татаж, өнгөрсөн 12 сарын сүүлчээр охиныхоо хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ үнэн бол нэг талаас Д.Ганхуяг улс төр, бизнесийн болон “буруу гарын” этгээдүүдийн дарамт шахалтанд орж хүчин мөхөстсөн, нөгөө талаас “эл асуудалтай эвлэрч” орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн гэж хэлж болохоор байна.
Гэхдээ Г.Номуундарь өдгөө 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн. Тэр өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй насанд хүрсэн бие хүн. Магадгүй түүний нэрийн өмнөөс аав нь шийдвэр гаргасан бол Г.Номуундарь охин үүнийг эсэргүүцэх, өөрөө гомдол гаргах эрхтэй.
Ямартай ч энэ хэрэг ингээд замхрахад хүрвэл хар тамхи татдаг, охид бүсгүйчүүдийг хүчинддэг “томчуудын хүүхдүүд” ял завшаад үлдэх нь бололтой.

Монголоос өөр улсад байсан бол…
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй гэдэг. Хэрвээ хуулийн байгууллагынхан хүсвэл хоёр жилийн өмнөх хар тамхи хүчингийн хэрэг байтугай хорин жилийн өмнөх ийм төрлийн хэргийг нь илрүүлж чадна. Гэвч шүүхийн байгууллага “хэргийн хойноос хөдлөхгүй байна, эсвэл тэднийг хөдөлгөхгүй” байна. Нэгэн цагт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хууль дуудсан цагт та гутлаа өмсөөд, зангиагаа засаад очдог байх ёстой, үгүй бол хууль өөрөө тань руу ирдэг юм” хэмээн “оймсыг гозолзуулсан” Н.Энхбаярын дуулиант баривчилгаанаас хуулийнхныг өмөөрөн хэлж байсан. Тэгвэл одоо хууль “улс төр, бизнесийн бүлэглэлийнхний өмнө хүчин мөхөстдөг” болжээ.
Зүй нь бол энэ хэргийн гол сэжигтнүүд нь  хэний хүү, хэн болохоос нь үл хамаараад “хууль дуудаж” ирүүлэх ёстой. Тэд хууль дуудахад ирдэггүй юм бол Цагдаагийн байгууллага эрхийнхээ хүрээнд Интерполоор эрэн сурвалжлуулж, тэднийг “хүчээр” ирүүлэх боломж ч бий.
Тийн атал хаа холоос “би хүчин хийгээгүй” гээд хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн мэдээлэлд итгээд сууж байх хөөрхийлөлтэй, бас хүчтэний өмнө хүчгүй цагдаагийн байгууллагаа яалтай.
20 настай Г.Номуундарь охин өөрийн үйлдлээрээ өсвөр үеийнхэний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр байдгийг илчилж, хар тамхинд донтсон залуус гэмт хэрэг өдөөж явдлыг ил болголоо.

Гэвч Монгол улсын хууль шүүхийн байгууллага биеэ сэтгэлээрээ хохирч, “шүгэл үлээн” нийгмийг сэрээсэн охины эрх ашгийг хамгаалж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болов уу гэлтэй. Түүний хэргийг шалгаж, тогтоож, сэжигтнүүдэд нь зохих хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа цагдаа, прокурорын байгууллага, Шүүх засаглалд итгэх олон түмний итгэл алдарч эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таныг энэ асуудалд анхаарлааа хандуулна гэдэгт итгэж байна.

А.Галт


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …