/МЧБХ/Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон эмэгтэй багийг өчигдөр буюу 9-р сарын 22-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өндөр хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Тэднийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, менежер Д.Сүхболд, Э.Золзаяа, Б.Эрдэнэбаатар, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, мэргэжилтэн О.Баянмөнх, бөхчүүд, дасгалжуулагчдын гэр бүл, хамаатан садан, анд нөхөд, хөгжөөн дэмжигчид нь угтан авсан байна. “Улаанбаатар” их сургуулийн оюутнуудын бөмбөрийн баг тоглолт хийж байв.
Эмэгтэй багийн хамт МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, тус төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү нар иржээ.
Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр сэтгэгдлээ ярихдаа: “Манай эмэгтэй баг ДАШТ-нээс арвин ургацтай ирлээ. Багаараа маш сайн оролцож С.Батцэцэг, Э.Сумьяа нар мөнгө, О.Бурмаа, Т.Мөнхтуяа, О.Насанбурмаа нар хүрэл медаль нийтдээ 5 медаль авлаа. Багийн дүнгээр олон шилдэг багуудыг ардаа орхин хоёрдугаар байр эзэлж мөнгөн цом хүртлээ. Ирэх оны эмэгтэй багуудын Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх өвөртөллөө. Өндөр амжилт их хариуцлага дагуулдаг гэдгийг бид ойлгож байна, цаашид улам хичээх болно.” гэж онцлон хэллээ.