Утаанаас салж чадах ганц л бодит арга бий

Энэ нь “ГАЛ ТҮЛЭХЭЭ БОЛИХ” юм. Зуух, түлш зараад хэзээ ч утааг арилгахгүй. Тиймээс гал л түлэхээ болих хэрэгтэй. Харин хоёр замаар гал түлэхээ больж болно.

1. Бүх нийтийг орон сууцжуулах

2. Бүх гэр хорооллыг төвийн дэд бүтэцтэй болгох

Өнөөдөр Улаанбаатар хотод 200’000 айл гэр хороололд, 164’000 айл орон сууцанд амьдарч байна. Бүх нийтийг орон сууцжуулах талаар бүгд ярьдаг ч бодитой хэрэгжсэн нь үгүй. Бүх нийтийг орон сууцжуулахад маш их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас олох вэ?

Хачирхалтай нь бид энэ мөнгийг хэдий нь олсон. Даанч өнгөрсөн хугацаанд энэ мөнгийг ямарч үр ашиггүй зүйлсэд зарцуулсан байна.

Залуу гэр бүлийн 500’000₮
Хүний хөгжлийн 21’000₮
Хүүхдийн 20’000₮
Оюутны 70’000₮  гэх мэт …

Ингээд зогссонгүй их хэмжээний бэлэн мөнгийг халамж, тусламж нэрээр дахин тарааж эхэллээ. Зөвхөн 2011 онд гэхэд 1 их наяд төгрөгийг тараасан байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн багадаа жилд дунджаар 0,5 их наяд буюу 500 тэрбум төгрөгийг иргэдэд тараасан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл 5 их наяд төгрөгийг үр дүнгүй зүйлд зарцуулжээ.

Гэтэл энэ мөнгөөр бид ойролцоогоор 100’000 айлыг орон сууцжуулж чадах байсан. (Нэг айлыг дунджаар 50м2 байранд оруулна. 1м2 орон сууцны нийт өртөг дунджаар 1 сая төгрөг гэж тооцвол…) Ийм л хөрөнгийг бид салхинд хийсгэжээ. Хэрвээ орон сууц бариад иргэдээ оруулчихсан бол одоо утаа биш хөгжил дэвшлийн талаар ярих байлаа. Та боддоо. Ханын материал, 21, Гандан, Зурагт, Ногоон нуур, Баянбүрд, 805, Цайз, 16-ын гэр хорооллуудын оронд орон сууц сүндэрлэж, тэнд утаа бус хөгжил дэвшил яригдах байсан биз. Өнөөдрийн утааны асуудал 70 хувь хүртэл буурч, ядаж л хотынхоо төвд угаартаж явахгүй л байлаа.

Одоо ч оройтойгүй 

Иргэд, ард түмэн сар бүр 21 мянган төгрөг авахгүйгээр 10 жил тэсэж чадна. Оюутнууд 70 мянган төгрөггүйгээр сурч, боловсорч бас чадна. Бидний үеийнхэн 70 мянга битгий хэл автобусны хөнгөлөлт ч үгүй сурч, боловсорч чадсан. Хүүхэд өнөөдрийн 20 мянга бус ирээдүйн цэвэр агаар хэрэгтэй. Ээжүүд сар бүр 50 мянган төгрөг авснаас тухлаг орон сууцанд амьдрахыг хүснэ.

Тиймээ ердөө аравхан жил энэ халамж нэртэй үргүй зардлаа зогсоож, утааг үйлдвэрлэж байгаа гэр хорооллыг цөөлөхөд хөрөнгө оруулмаар байна. Гагцхүү бидэнд халамж хэмээн тарааж байгаа шигээ л санаж, барилга орон сууц барихад хөрөнгө оруулаач. Аравхан жил хөрөнгө оруулалт 200 гаруй мянган айлыг орон сууцанд амьдрах нөхцлийг бий болгоно.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …