Монголын шатахуун импортлогчид хүнд байдал орчихлоо. Тэд Засгийн газарт хүнд байдал бий болох гээд байгааг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш анхааруулжээ. Гэвч тоосонгүй. Харин ч эсрэгээрээ шатахуун импортлогчдод тулгах татвараа нэмэгдүүлэх шийдвэрийг гаргачихлаа. Хариуд нь шатахуун импортлогчид Засгийн газрыг шантаачлах, шатахууны үнээ нэмэх, зохиомол хомсдол бий болгох зэрэг арга хэмжээг шат дараатай авч, иргэдийг л дэмий бухимдууллаа.
Үүнээс болоод иргэд шатахуун импортлогчдыг “харааж” эхлэх нь ойлгомжтой. Бүр цаашлаад гадны ямар ч хамаагүй компанид Монголын автомашины шатахууныг нийлүүлэх эрх олгооч гэсэн шаардлагыг хүртэл тавиад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нөхдүүдийг халж, чаддагт нь эрх өгье гэж шаагилдаж байгаа хэрэг л дээ. Үүний хажуугаар иргэдийн хүсэл сонирхлыг сонссон болов уу гэлтэй мэдээллүүд дуулдах боллоо.
Тухайлбал, ОХУ-ын Роснефть компани Монголын зах зээлийг сонирхож байгаагаа аль эрт мэдэгдсэн. Тэгвэл саяхнаас борлуулалт хийх эрх өгчихвөл одоогийн шатахууны жижиглэнгийн үнээс даруй 30 хувиар хямд шатахуун худалдаалах боломжтой гэж мэдэгдсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Роснефть 2008 онд Монголд шатахуун борлуулах хүсэлт тавьж байсан. Үүний дараа 2011 онд дахин хүсэлт тавьсан байна. Иргэдийн хувьд энэ маш сайхан мэдээ. Дэлхийн зах зээлийн зарчмаар л шатахуунаа худалдаж авна гэсэн үг.
Харин төр энд татварын хяналтаа дур зоргоороо тогтоох боломжгүй болно. Манай аж ахуйн нэгжүүд төрийн татварын дарамтанд ороод л шатахууныхаа үнийг нэмж, хомсдол үүсгэж, аргаа барж байгаа. Ийм байдлаар тэмцэл хийж байж л татварын нэмэгдлийг зогсоож чаддаг. Гэтэл гадны монополь манайхны зах зээлийг эзэлчихвэл бүр л хэцүү байдал үүснэ гэсэн үг. Бодох л хэрэгтэй. Үнэндээ гуравхан сая хүний шатахууны асуудлыг шийдвэрлээд явчих чадамжгүй төр, түүний ачааллыг даахгүй аж ахуйн нэгжүүдтэй байснаас гадны чадалтай компанийг түшчихэд буруудах юу байх вэ. Гэвч эцэстээ монгол төгрөг хэний халаас руу урсах вэ гэдэг үндсэрхэг үзлийг л өдөөж байгаа юм.
Роснефтийн санал татгалзахын аргагүй. Гэвч үеэс үед Монгол Монголоо барьж идсэн гашуун түүх бийг мартмааргүй л байна. Хэн хэндээ хүндлэлтэй, хаа хаанаа хүлээцтэй л баймаар санагдах юм. Үнэтэй шатахуун худалдаж авахыг би лав хүсэхгүй. Тэглээ гээд Монголын бизнес эрхлэгчдээ хөөхийг бүр ч хүсэхгүй байна. Үүнийг зохицуулагч нь уг нь төр юм. Даанч төрд “халаас руу гар дүрэх”-ээс өөр чадамж алга.