Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ
Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь ховор заяа, хосгүй аз завшаан.
Тэр тумсаа тэрхүү биеийг төрүүлж өсгөсөн эх хүний ачлал, энэрэл гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт хүн чанараа гээгсэд ээжийнхээ нэрийг зээлдэж энд тэндээс мөнгө босгоод түүнийгээ өөрсдөө завшин, увайгүй аашилж явах юм. Тэр тусмаа өрөө өмлөн байж үр хүүхэд төрүүлсэн эх хүн, бүр УИХ-ын гишүүн эмэгтэй ийм хэрэг хийсэн нь үнэндээ монголын мянга мянган ээжийн эгдүүцлийг тун ч их хөдөлгөжээ.
Учрыг тодруулбал монголын нэр хүндтэй, алдарт ээжүүд нэгдэн “Ээж музей” байгуулахаар болсон байдаг. Алунгоо, Өүлэн эхээс улбаалан цаг цагийн аясад тодорч асан сайхан монгол ээжүүдийн бахархалыг харуулсан уг музейг байгуулахад туслаач хэмээн үе үеийн УИХ, Засгийн газрын тэргүүнүүдээс хүссэн байдаг юм. Тэд ч “Ээждээ туслалгүй яах вэ” хэмээн сайхан ам гарцгаасан ч өдгөө таг чиг. Харин ээжүүд хаа холоос хүүгээ ирэхийг нь хүлээх лугаа адил тэдний амлалт хэзээ хэрхэн биелэхийг хүлээж горьдлого, гомдол тасралгүй өнөөг хүрчээ.
Сүү шигээ сэтгэлтэй ээжүүд чих тавин харуулдаж суух зуурт тэрхүү арвин үйлсэд хамтран зүтгэхээр УИХ-ын эрхэм гишүүн Д.Арвин ханцуй шамлан орсон байдаг. УИХ-ын гишүүн, тэр тусмаа элэг нэгтэй эмэгтэй хүн ийн хэлсэнд нь итгэсэн ээжүүд төсөл төлөвлөгөөгөө боловсруулж Д.Арвин гишүүнд барьсан аж.
Тэгтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүхэл бүтэн компаниа мартчихдаг тэрбээр “Ээж музей”-н нэрийг барьж батлуулж авсан 250 сая төгрөгөө өөрийн төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа өгчихсөн гэнэ.
Тэгээд нүдээ бүлтийтэл, сэтгэлээ чилтэл хүлээж асан “Саран ээж” нийгэмлэгийнхэнд “Уучлаарай, би 250 сая төгрөг бүтээсэн боловч төрсөн нутагтаа өгчихлөө, ёстой уучлаарай” хэмээн Монголын зууны манлай, ардын жүжигчин, төрийн соёрхолт Л.Цогзолмаа гуайд хэлсэн байдаг нь өдгөө үлгэр болох дөхөж.
Мянга мянган ээжүүд өөр өөрсдийн сувгаар чих тавихад тэрхүү мөнгийг нутагтаа “Монгол хатдын өргөө” байгуулахад зарцуулсан гэх сураг сонсогддог ч нидэр дээрээ нутгийн иргэдийн хиргүй тунгалаг сэтгэл зүтгэлээр тус өргөө боссон байдаг аж.
Үүнийг нь сонссон эхчүүд, тэдний үр хүүхдүүд “Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ” хэмээн асууж байна.
Уг нь Хэнтий аймгаас Монгол төрийн үе үеийн домогт хатад төрж гарсан түүхтэй тул түүхэн уламжлалаараа бахархах зүйл хийсэн нь сайшаалтай ч хүний юмаар хүүдэгнэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн хэрэг.
Өдгөө наймдугаар Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдулам, Гэнэнпил нарын төрсөн нутаг Хөвчийн Жонон вангийн хошууны гол цөм нутагт боссон “Монгол хатадын өргөө” 680 сая төгрөгөөр сүндэрлэсэн гэдэг.
Гэтэл Д.Арвин гишүүнийг гурван удаа УИХ-д сонгосон хэнтийчүүд эрхэм гишүүнийг ийм их мөнгөөр “Монгол хатдын өргөө” гэх сүржин нэртэй хатан хүний малгайн орой шиг байгууламж барихад хамаг мөнгөө үрсэнд нь өдгөө ч гайхдаг юм билээ. “Мухар сүсэгтээ автаж аль эрт тэнгэрт заларсан хатдад зориулж ийм зүйл бариулж байхаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж аваад өгчихсөн бол аштай юу” гэж хөгшин залуугүй л ярьдаг юм билээ.
Нутаг усныханд нь таалагдаагүй “Монгол хатадын өргөө”, “Ээж музей”-н” патентын асуудал болон, 250 сая төгрөгийн асуудлаар эрхэм гишүүн шалгагдаж магадгүй бололтойдог шүү.
Эрхэм гишүүн ээ, ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсаныг тайлагнахгүй бол ч…