Налайх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

  Өнөөдөр Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд 40 гаруй төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, цаг үеийн мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд нийтдээ 5 чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд биелэлт 85 хувьтай байна. Тухайлбал “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж Налайх дүүрэгт бүртгэл 97,6 хувьтай явагдаж дууслаа. Мөн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналт, ГБХЗХХ-ээс хамтран цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийжээ. Шуурхай зөвлөгөөнд журмын дагуу Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийв. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн нэгдэлд амбулаториар 7622 хүн үзүүлсэн бол 460 гаруй хүн хэвтэн эмчлүүлжээ.

 

Уламжлалын эмч нар Хүүхдийн тасагт нэмэлтээр ажиллахаас гадна ӨЭМТ-үүдийг уртасгасан цагаар ажиллуулж байна гэж ЭМН-ийн дарга Л.Байгал хэллээ. Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 230 гаруй гомдол мэдээлэл хүлээн авчээ. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрх хасуулсан 27 иргэн байсан гэдгийг онцлоод цаашид байгууллагын удирдлагуудыг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эргүүлд гарч ажиллахыг уриаллаа. Мөн хугацаатай бичгийн шийдвэрлэлт, дүүргийн нэг цонхны гадаад бодлого, цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан дүүрэгт ерөнхий эргүүл, жижүүр гарган ажиллуулж байгаа талаар, шинэчлэгдэн батлагдаж 2018 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хүргэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар байгууллагын удирдлагуудад хэд хэдэн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн эзэмшилийн хуваарьт гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөсийг хүргүүлсэн хуваарийн дагуу цэвэрлэж байх, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, ажлын цаг ашиглалтад онцгойлан анхаарахыг үүрэг болгоод цаг ашиглалт, ажлын цаг хийдүүлсэн удирдах албан тушаалтнуудад дараагийн удаа сахилгын арга хэмжээ авна гэв.

Мөн дүүргийн худалдаа үйлчилгээний салбарын хамт олноос сар бүрийн 01-ний өдрийг “Эрүүл амьдрал-идэвхтэй хөдөлгөөн” уриан дор явган аялалыг зохион байгуулж байх санаачилгыг дэмжин ажиллаж, ажилтан албан хаагчиддаа мэдээлэл хүргэн, идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …