“Пёнчан-2018”:Монголын баг тамирчдын хувцсыг дотооддоо урлажээ

Монгол Улсаа төлөөлөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг өчигдөр гардууллаа. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Төмөр трейд” компанийн хамт олон урлажээ.

Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан юм. “Пёнчан-2018”-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад олимпийн нээлт, хаалтын ёслол болон бэлтгэлд өмсөх иж бүрэн хувцсыг ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид бүтээжээ.

Тухайлбал, Монголын баг тамирчид “Төмөр трейд” компанийн куртка, ”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Ханхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах юм. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн тус компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн байна.

Энэхүү ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нарын албаны хүмүүс оролцлоо. Манай гурван тамирчин Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэд ирэх сарын эхээр олимп болох Пёнчан хотыг зорих юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …