Х.Алтай: “Зоос” банк хөрөнгийн биржид бүртгэлтэй нь үнэн

Валютын ханш өссөн, эдийн засаг, хөрөнгө оруу­лалт буурсан таагүй үед авах арга хэмжээний талаар эдийн засагчид олон шинэ шийдлийг дэвшүүлж байна. Дээрх сэдвээр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг “Ярилцах танхим” булангийн зочноор урилаа.

-Валютын ханш огцом өслөө. Ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ талаар манай эдийн за­сагчид саналаа олон удаа хэлсэн. Манай улс өнөөдөр цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, тэд­нийгээ экспортолж валют ол­дог. Гэтэл бидний хэрэглээ ба­раг бүхэлдээ импортын бараа бү­тээгдэхүүн байдаг. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруу­лалт татарсан. Эдийн засгаа тогтвортой байлгах нэгэн гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлсэнээр татаж болох шууд бус хөрөнгө оруулалт гэж үзэж байна.

-Гадны хөрөнгө оруулаг­чидыг татахын тулд Монголын хөрөнгийн биржийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх ёстой болов уу?

-Өнгөрсөн тавдугаар сард УИХ-аас Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс уг хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнэ. Өнөөдөр манай хөрөнгийн зах зээл рүү гадны томоохон сангуудаас хөрөнгө оруулалт татах дэд бүтэц байхгүй. Энэ хууль хэрэгжиснээр сонгодог утгаараа хө­рөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Цааш­­лаад Монгол Улс руу шууд бус хөрөнгө оруулалтыг татах үүд хаалга нээгдэнэ. Тус хуулийг хэрэгжүүлэх угтвар нөхцлүүдийг бид бэлдэж байна. Хийгдэж буй техник технологи, дүрэм журмын шинэчлэл нь хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь бий болгохын суурь нь юм. Энэ дээр хөрөнгийн бирж анхаарч ажиллаж байна. Үнэт цаасны кастодиан банк зэрэг өнөөдөр манай зах зээлд байхгүй ч, хууль хэрэгжиж эхэлсэнээр бий болох дэд бүтцийг холбогдох байгууллагууд гарч ирснээр үр дүнгээ өгөх юм.

-Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд хамаагүй гэх юм. Тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа байх?

-Би бол шууд нөлөөлнө гэж бодож байна. Манай ихэнх хэрэглээ импортоор орж ирж байгаа. Га­даадаас ам.доллараар худалдаж авсан бараагаа Монголд оруулж ирээд төгрөгөөр борлуулдаг. Тийм учраас иргэдийн амьдралд нөлөөлнө.

-Гадаадын хөрөнгө оруулал­тын тухай хуулийг шинэчилж, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ярьж байна. Энэ нь мөн эдийн засгийн хүндрэлийг давах нэг арга болов уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өөрчлөлт орох ёстой хуу­лиудын нэг гэж бодож байгаа. Га­даадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж байдгаас до­тоодын хөрөнгө оруулалтыг зо­хи­цуулсан дүрэм, тогтвортой байд­лыг хан­гасан зохицуулалт бай­даг­гүй. Үүнийг өөрчлөөд хөрөнгө оруу­лал­тын цогц хууль гаргаж ирж байгаа нь зөв зүйтэй асуудал гэж харж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь гадаад, дотоодын ч бай аль аль нь хөрөнгө оруулалт шүү дээ. Энэ утгаараа дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа нь сайн юм.

-Эдийн засгийн хүнд байдлаас гарах нь уул уурхайн үйл ажил­­лагаагаа сэргээх явдал гэж харах нэгэн байхад зарим суд­лаач жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай гэж ярьж байна. Таны бодлоор эдийн засгаа хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж харж байна вэ?

-Саяхан Баабар гуайн Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн үг нийтлэгдсэнийг уншлаа. Би бол түүнтэй санал нэг байгаа. Тэр нь юу вэ гэхээр эхлээд Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Монгол өнөөдөр уул уурхайн үйл ажиллагаагаа брэнд болгох нь чухал. Уул уурхайгаа хөгжүүлж тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж байж бусад салбараа хөгжүүлэх явдал юм. Энэ нь хамгийн боломжтой арга гэдэгтэй санал нэг байгаа. Уул уурхай хөгжих нь бусад салбар дагаад хөгжих хамгийн гол хөшүүрэг. Манай санхүүгийн салбар ч дагаад хөгжинө. Уул уурхайн компаниуд нь хувьцаат компани хэлбэрээр ажилладаг. Тэгэхээр манай зах зээл дээр хувьцаагаа гаргана. Санхүү, хөрөнгийн зах зээлээ бүгдийг нь дагуулаад хөгжих салбар нь уул уурхай. Уул уурхайн салбарын ашиг нь дан ганц төсөвт орж байгаа татварын хэмжээ биш юм. Энэ салбарын дагалдах салбарууд өгөөжөө өгдөг. Уул уурхайг дагаад үйлчилгээ, тээврийн үйлчилгээ ч мөн хөгжинө. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр. Нэг үйлдвэрт түшиглээд бүхэл бүтэн том хот байгуулсан. Нийтдээ 6000 – 7000 ажилчинтай. Үйлдвэр нь  том хотыг бий болгох суурь болж өгч байна. Ийм том төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг хөгжих боломж бүр­дэнэ. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломж бүрдэх ёстой.

-Монголын хөрөнгийн бир­жийн үйл ажиллагаатай холбоо­той асуулт тавья. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэр чадавхжиж байна вэ. Гадаадын томоохон хөрөнгийн биржтэй өрсөлдөх хэмжээнд дөхөж очих боломж бүрдэж байна уу?

-Хөрөнгийн биржийг сонгодог утгаар нь хөгжүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгийн бирж дээр ком­паниуд ирж хувьцаа гаргадаг. Хувьцааг нь хөрөнгө оруулагчид худалдаж авч, шаардлагатай хө­рөнгө оруулалтуудыг хийгээд үйл ажиллагаа нь өргөжөөд явдаг. Бид дан ганц дотоодын биш гадаадын хөрөнгө оруулалтын бай­гууллагууд, сангуудыг татах ёс­той юм. Дотооддоо мөн хөрөнгө оруулалтын санг бий болгох дэд бүтцийн ажлуудыг хийж эхлээд байна. Лондонгийн хөрөнгийн бирж­тэй бид хамтын ажиллагаа эхлээд гурав дахь жилээ ажиллаж байна.

-Лондонгийн хөрөнгийн бирж­тэй хамтарч буй төслүүд хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Хамтын ажиллагааны хү­рээнд маш их ажил хийгдсэн. Дэд бүтцийн асуудал байна. Төлбөр тооцоо, арилжаа, хяналт шинжилгээний ажил нь дэд бүтэц дээр суурилдаг. Энэ бүгдийг Лон­донгийн хөрөнгийн биржтэй хамтарч нэвтрүүллээ. Төлбөр тооцоо хийгдэх ажил нь хэлэлцээ хийгд­сэнээс хойш гурав хоногийн дараа хийгддэг горимд шилжсэн. Мөн Лондонгийн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээл дээр мөрдөгддөг индексийг нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Индексийг нэврүүлснээр манай хөрөнгийн зах зээлийн бодит үзүүлэлтийг гаргах стандарттай болно гэсэн үг юм.

-Лондонгийн хөрөнгийн бирж­­тэй хэрэгжүүлж буй энэ төсөл хэзээ дуусгавар болох вэ?

-Төсөл эхний удаад гурван жил үргэлжилнэ. Энэ үедээ манайд дэд бүтэц, бусад серверүүдийг шинэч­лэх ажлыг хийсэн. Дараа нь манай зах зээлийн бүтцийг өөрчлөх санал, зөвлөмж өгсөн байгаа. Тэгэхээр одоо зах зээлийн бүтцийг өөрчлөх ажлыг цаг алдалгүй хийх ёстой. Лондонгийн биржтэй эхэлсэн хам­тын ажиллагаа энэ гурван жи­лээр хязгаарлагдахгүй. Цаашид олон жилийн хамтын ажиллагаа шаардлагатай. Олон улсын том байгууллагатай хамтарч ажиллах нь Монгол Улсын цаашдын хөг­жилд ч сайнаар нөлөөлөх өндөр ач холбогдолтой гэж бодож байна.

-Монголын үндэсний компа­ниу­даас гадаадын зах зээл дээр арилжаа хийж байгаа хэдэн компани байна?

-Нийт 30 орчим компани бий. Хамгийн томоос нь нэрлэвэл “Рио Тинто” байна. Монголд томоохон төсөл хэрэгжүүлж байна. Энэ ком­пани Лондон, Австралийн бирж дээр арилжаа хийдэг. Эдгээр компани нь өнөөдөр хүртэл манай зах зээл дээр хувьцаагаа гаргаагүй байна. Яагаад гаргаагүй вэ гэхээр дургүйдээ биш, дэд бүтэц, хууль эрх зүйн зохицуулалтууд нь байхгүй уч­раас хувьцаагаа гаргадаггүй. Тэ­гэхээр давхар бүртгэлийг бий болгохын тулд хууль, эрх зүйн орчныг нь шинэчилснээр орж ирэх боломжтой болно. Цаашлаад манай Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан компаниуд гадаадын зах зээл рүү хувьцаагаа гаргах боломж нь бүрдэнэ. Энэ ажил ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн хөрөнгө оруулагчдын манай зах зээлд орж ирэх нөхцлийг нь бий болгоно.

-Монголын хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байгаа гадны компаниуд байна уу?

-Зарим хөрөнгө оруулалтын сангууд байдаг.

-“Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцааг гадаадын зах зээл дээр гаргана гээд байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Үнэт цаасны тухай хууль батлагдсан. Давхар бүртгэлийг нэвт­рүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Тэгэхээр төр шийдвэрээ гаргах юм бол ирэх оноос хийгдээд явах боломжтой гэж ойлгож байгаа.

-“Зоос” банк дампуурсан. Гэвч Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа гэдэг үнэн үү?

-“Зоос” банк бүртгэлтэй бай­гаа. Арилжааг нь зогсоосон. Сан­хүүгийн зохицуулах хороо­ны шийд­вэрээр бүртгэлээс хас­даг. Эрх хү­лээн авагчийг нь Монголбанкнаас то­милсон.
-Ярилцсанд баярлалаа.

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …