Бодлогоор өрсөлдье, сэтгүүлчид ээ!

Дүрмийнхээ дагуу дөрвөн жилдээ нэг удаа болдог Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал энэ сарын 8-ны өдөр болохоор товоо зарласан. Уг хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг шинээр сонгоно. Тодруулбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа шинэ хүнд хүлээлгэж өгнө гэсэн үг.

Дөрвөн жилдээ нэг удаа анхааралд орж ирдгийг нь эс тооцвол МСНЭ юу хийдэг, яаж ажилладгийг нь сэтгүүлчид хэзээ ч сонирхож байгаагүй. Ядахнаа л жилийнхээ татварыг төлдөг сэтгүүлчид тун цөөн шүү дээ.

Харин сүүлийн үед үйл ажиллагаа нь бага зэрэг идэвхжсэн уг байгууллагын ерөнхийлөгчийн төлөөх сунгаа сэтгүүл зүйн салбарыг хүртэл хагарал талцлын хэмжээнд аваачлаа.

Нийтдээ 12 хүний нэр яригдаж байгаа МСНЭ-ийн гол өрсөлдөгчөөр “Зиндаа”-гаар овоглодог Х.Мандахбаяр, “Контрол.мн”-ийн захирал Ц.Энхбат, сэтгүүлч Б.Түвшинтөгс нарын нэрс дуулдаж байна.

“Цалин нь үзэгдэхгүй, эхнэр нь үзэгдэхгүй, сэтгүүлчийн нөхөр яаж амьдардаг байна вэ” гэсэн явган шог саяхан сошиалд явж байгаа харагдсан. Яг үнэндээ цаг наргүй ажилладаг, сайн нэргүй сэтгүүлчдийн сарын цалин бол дунджаас бүр доогуур. Худалдагдсан, улс төртэй хутгалдсан гэгддэг сэтгүүл зүйг өөд нь татаж, сэтгүүлчдийн хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж чадах бодлого энэ салбарт үгүйлэгдсээр өдийг хүрсэн нь худлаа биш.

Үндсэндээ өнөөдрийг хүртэл энэ салбарыг сайн сэтгүүлчид толгойлж ирсэн. Харин сайн менежмент үргэлж дутагдсаар үгүйлэгдсээр ирснийг бас үгүйсгэх хэрэггүй биз.

Ямартаа ч сүүлийн үеэс сошиалд хэвлэлийн салбарынхны дунд талцал дагуулаад байгаа МСНЭ-ийн хурал ширүүхэн, өрсөлдөөнтэй болж магадгүй байна. Харин өрсөлдөөн нь эрүүл, өрсөлдөгчид нь энэ салбарыг яаж шинэчлэх вэ гэсэн бодлогоор уралдъя. Улстөрчид шиг улаан хэрүүл, увайгүй талцлаа зогсоогоод Их хурлын индэр дээр бодлогоор уралдаж чадвал эвлэл нь амь орж, салбар нь шинэчлэгдэнэ.

Цаашдаа бодлогоо бодит ажил болгох үүднээс сэтгүүлчид татвараа төлдөг, хяналтаа тавьдаг системтэй больё. Энэ удаад эрч хүчтэй залуучууд МСНЭ-д өрсөлдөхөө зарлаж байгаа нь олзуурхууштай. Тэд бүгд сэтгүүл зүйн салбарт гишгэсэн мөртэй, хийсэн ажилтай хүмүүс. Тиймээс МСНЭ-ийг, салбараа өөрчлөхийн төлөө  тэд эхнээсээ ч бодлогоо боловсруулж, шинэчлэлт өөрчлөлтийнхөө мөрийн хөтөлбөрөө зарлаад эхэлсэн нь сайшаалтай юм.

“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ энэ байгууллагыг удирдах боломж надад олдвол миний бие дөрвөн багц зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ. Нэгд, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах. Хоёрт, хууль эрх зүйн орчныг сайжруулах. Гуравт, санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх. Дөрөвт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэдгээ амалжээ.

Түүний хэлснээр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө зарлаад байгаа болон бэлтгэж буй хүмүүс хувийн жижиг амбицаа дараад энэ салбарынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллах цаг болжээ. Хамтдаа салбараа өөрчлөхийн тулд МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгаанд  өрсөлдөгчид улс төрийн увайгүй аргаар биш, шинэ бодлого, шинэ хандлагаар өрсөлдье.

Үнэндээ энэ салбарыг чадавхжуулж, сэтгүүлчдийн бүтээмж, мэдлэг боловсролыг сайжруулахад МСНЭ-д шинэ салхи, шинэ менежмент ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс бодлогоо гаргаж тавьцгаа, өрсөлдөгчид өө.

 

Б.БАТ

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …