“Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны үзэсгэлэнгээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэлээ.

Монголын дүрслэх урлагийн хөгжилд бурхны шашны их таван ухааны нэг “Урлахуйн ухаан” онцгой байр эзэлдэг. Бурхны шашин, түүний шүтээн урлаг монгол хөрснөө буухдаа өөрийн гэсэн онцлогтой хөгжиж, Монголчуудын ур ухаан, охь шимийг шингээсний нэг нь хот мандалын бүтээлүүд юм.

Бүтээлч мандал бүтээх тиг хэмжээ, өнгө будаг, зохиомжийг алдагдуулалгүй хот мандал бүр өөрийн уран сэтгэмжээр байгалийн материал ашиглан янз бүрийн хэмжээтэй, шашны бэлгэдэл зүйг агуулан бүтээсэн байдаг онцлогтой.

Үзэсгэлэнг Занабазарын музейн хамт олон 2017 оноос эхлэн бэлтгэсэн бөгөөд энэ хугацаанд сан хөмрөгт хадгалагдаж буй, урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй, ховор нандин үзмэрүүдээс бүрдсэн “Бурхдын орон, хот мандал” каталог, хот мандалын гэрэл зургийн цомог тус тус хэвлүүлж, та бүхний оюуны мэлмийг мялааж байна.

“Бурхдын орон, хот мандал” каталог, цомогт орсон үзмэрүүдийг анх удаа үзэгчдийн хүртээл болгохоор энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Энд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ХVIII-XIX зууны сүүл үеийн Их Хүрээний нэрт урчууд болон бурханч лам нарын бүтээсэн нийт 70 гаруй бүтээлийг гаргаж үзэгч олон нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэнд уламжлалт гар урлалын төрөл зээгт наамал, шүтээн зураг, бар зургийн аргаар Доржэ Жигжид, Жанрайсиг, Минтүг, Дэмчиг, Гүнрэг, Хаянхярваа, Сандуй, Намсрай, Дүйнхор, Аюуш, Сосорбарам, Хажид бурхдын хот мандал, тухайн хот мандалын эзэн бурхад зэргийг дэлгэснээс гадна “Үйл хөдлөлийн урлаг- performance art”, өнгөт элсээр үрж урласан хот мандалыг бүтээж үзүүлсэн.

Үзэсгэлэнгийн үеэр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгэн хэсэг музейн агуулга бүхий бэлэг дурсгалын зүйлс худалдах болно. Үзэсгэлэн 2018 оны 2-р сарын 9-ний өдрөөс 3-р сарын 9-ыг хүртэл нэг сарын хугацаатай гарна.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …