НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва танилцууллаа.
Тэрээр, “Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд том стратеги, том концепц шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс тогтоож, үүгээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах боломж юм. Алтанбулагийн чөлөөт бүсийг бид 2003 онд байгуулж байхтай зэрэгцэн Солонгос улс Инчоны чөлөөт бүсийг эхлүүлсэн байдаг, өнөөдөр тэд хот байгуулсан байхад харин бид хоосон хашаатай сууж байна” гэв.
Тэргүүлэгчид ажлын хэсгийн үйл ажиллагааг сайшааж, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогод хувь нэмэр үзүүлэхүйц хэмжээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр 100 хувь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд 2018 оны 2 сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит XIV хуралдааныг зохион байгуулж Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр болон Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцахаар болов.