“Пёнчан 2018” өвлийн олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёнчан мужид үргэлжилж байна. Өвлийн наадмын эрэгтэйчүүдийн цанын гулгалтын төрөлд Австрийн тамирчин, 28 настай Марсел Хирсчер өндөр ур чадварыг үзүүлж алтан медаль хүртсэн бол Норвегийн Хенрик Кристофферсен мөнгө, Францын Алексис Пантугу хүрэл медалийн эзэн боллоо.
Марселын хувьд олон улсын чанартай олон тэмцээнд түрүүлж байсан туршлагатай ч 2010 оны Ванкуверын болон дөрвөн жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан Сочигийн олимпод тэргүүн байр эзлээгүй. Харин энэ удаад гурван олимпод дараалан хүч үзсэний эцэст алтан медаль өвөртлөн нутаг буцахаар болж, Австриудын магнайг дахин тэнийлгэж байна.
Ийнхүү тэрээр олимп, дэлхийн аварга болж байгаа юм. Марсел цанын гулгалтын төрөлд чансаагаараа дэлхийд хоёрт бичигддэг тамирчин. BBC-гийн цанын гулгалтын спортын тоймч Матт Клинтон хэлэхдээ “Австрийн тамирчны ур чадвар бусдаасаа давамгай сайн” хэмээсэн.
Энэ удаагийн олимпод Италийн тамирчин, 27 настай Лука де Алипрандинид хүмүүс ихээхэн найдлага хүлээлгэж байсан ч зүүн хөл нь гэмтэлтэйн улмаас дорвитой амжилт гаргаж чадаагүй. Тэрээр “Би медальтай нутаг буцахыг хүссэн ч чадсангүй. Гэхдээ харамсахгүй байна” гэжээ.