Манай иргэд гурван сар визгүй зорчих эрхтэй болсон Аргентин улсын тухай

Монгол Улс болон Аргентин улс хоорондын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой болсон тухай ГХЯ мэдэгдлээ.

БНСУ-ын Пусан хотноо 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин улс Өмнөд Америкт орших, 23 муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. 44 сая хүн амтай, газар нутгаараа Өмнөд Америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг.

Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улстай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинын Антарктид хэмээх Антарктидын 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Вант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ДНБ нь дэлхийд 23-т (номинал ДНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Аргентин улсын нутаг дэвсгэр нь гурван сая орчим хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд наймдугаарт орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоза мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно.

Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий дөрвөн бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нэлээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны нэгдүгээр сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.

Аргентины хүн амын 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүү нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали, испаниас гаралтай иргэн олон байдаг.

 

 

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …