Олимпийн тэнгэрт гялалзсан шинэ од

Өвлийн олимпийн наадам сүр дуулиан ихтэйгээр үргэлжилж байна. Пёнчаны наадмын шинэ одоор олимпийн далбаан дор жагссан Оросын уран гулгагч Алина Загитова тодорлоо.  Уг нь Оросын уран гулгагч Евгения Мэдведева уран гулгалтын богино хөтөлбөрт оноо авч, дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Гэвч хэдхэн минутын дараа нутаг нэгт уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор тэргүүн байр буюу олимпийн наадмын аварга боллоо.

Олимпийн наадмын шинэ од Алина 2017 оны Европын аварга, Гран-пригийн аварга болоод амжжээ. Харин Евгения Медведева дэлхийд хоёр ч удаа түрүүлж, олимпод оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Алина олимпийн алтан медаль хүртснийхээ дараа “Медведеватай хэрхэн өрсөлддөг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Медведеватай өрсөлддөг гэж үү. Мэдээж тэр намайг хурцалж, чангалж өгдөг. Гэхдээ Женя / Евгения Медведева / бид хоёр дотны найзууд. Бидний нөхөрлөл нэгдүгээрт. Харин өрсөлдөөн бол дараа нь орно. Спорт өрсөлдөөнгүйгээр хөгжихгүй. Өрсөлдөөн бүгдэд байдаг. Женя бид хоёрын өрсөлдөөн цэвэр спортынх” гэж тайлбарласан байна.

Харин Евгения Медведева Алинагийн тухай “Үнэхээр мундаг. Тэр энэ бүгдийг өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан. Анх насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа ямар сэтгэгдэл төрж байсныг одоо санаж байна.  Алинагийн үзүүлбэр тийм ч их хүч чармайлт шаардаагүй гэж надад харагдсан. Зүгээр л тэр чаддагаа хийсэн. Тэр үүнийг өдөр бүр хийж байсан. Тийм ээ. Тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Найзаараа бахархаж байна. Бас баяр хүргэе” гэж ярьжээ.

Оросын охидууд 15-хан минутын дотор дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоочихлоо. Энэ бол түүхэн мөч. Магадгүй ховорхон харагдах үзэгдэх болов уу. Тиймээс ч Алина Загитова, Евгения Мэдведева хоёрыг олимпийн наадмын шинэ одод гэж онцлоод байгаа юм.

Алина гурван  жилийн өмнө бэлтгэлийн үеэр хөлөө хугалж, бараг л бүтэн сар хэвтрийн дэглэм барьж, шигшээ багаасаа хүртэл хөөгдөж байсан. Тэр үед Алинаг олимпийн аварга болно гэж хэн ч итгээгүй биз. Гэхдээ л тэр өөртөө итгэж өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийсээр байсан. Шигшээ баг түүнийг дахин дуудах хүртэл тэр бэлтгэлээ тасалдуулаагүй. Энэ бүх хичээл зүтгэлийнх нь үр дүн гарч олимпийн наадамд од болон гялалзлаа. Мэдээж түүнд Женя гэх мундаг өрсөлдөгч, хурцлагч байгаа хойно олон ч олимпийг өнгөлөх байх даа.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …