Өнгөрсөн 27 жил бидний тархинд хүчээр суулгаж өгсөн нэг буруу ойлголт бол мөнгө банкинд байдаг гэдэг ойлголт юм. Компаниудад хэрвээ мөнгөний хэрэг гарвал банк руу явдаг. Өөр тийшээ явахыг “төрийн бодлогоор” дефакто хаасан байлаа.
Харин ашгүй Олон улсын валютын сан шаардлага болгосны дагуу Монголын бүх банкуудад шалгалт оруулснаар бодит байдал нь ил болов. AQR шалгалтын эхний шатанд Монголын бараг бүх банк бүдэрч “өөрийн хөрөнгө хангалтгүй” гэдэг дүгнэлт гарсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, маш энгийнээр тайлбарлахад, Монголын банкууд юун өөр компаниудад зээл олгох байтугай өөрсдөө ч мөнгөгүй байна гэсэн үг юм. ОУВС-ийн шаардлагаар “Монголын банкууд дараагийн 9 сард өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ чадахгүй бол банк-бус эсвэл ломбард болно” гэсэн үг. Тэгэхээр “өөрийн хөрөнгө хангалтгүй” банкуудаас та зээл хүсэхээр төлөвлөж байна уу? Тэд танд бага хүүтэй, өртөг зардал багатай санхүүжилт өгч чадна гэдэгт итгэж байна уу? Үгүй ээ, мөнгө банкинд байдаггүй юм.
Мөнгө иргэдэд байдаг юм. Иргэдийн харилцах хадгаламж нийлээд 10 гаруй их наяд төгрөг байна. Энэ бол банкны мөнгө биш, харин таны санхүүжилтийн эх үүсвэр! Дулмаагийн 100 сая төгрөгийг 15% хүүтэй хадгаламжаар авч Доржид 36% хүүтэй зээл гаргахыг ерөнхийдөө банкны үйл ажиллагаа гэж байгаа юм. Харин Дулмаа мөнгөө шууд Доржид 15% хүүтэйгээр зээлүүлэхийг “хөрөнгийн зах зээл” гэж ойлгож болно. Тэгэхээр эдийн засагт аль схем нь ашигтай байна вэ гэдгийг та ойлгож байгаа болов уу. Мэдээж эндээс хөрөнгийн зах зээл л ашигтай харагдаж байна. Үүнийг би санаанаасаа зохиож яриад байгаа юм биш. Монголоос бусад бүх улсад компаниуд нь бүтээн байгуулалтын болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээ банкнаас биш харин иргэдээс шууд босгодог юм. Учир нь мөнгө банкинд биш иргэдэд байдаг гэдэг ойлголтыг тухайн улсуудын “төрийн бодлого” нь дэмжээд санхүүгийн зах зээлийн тогтолцоондоо суулгаад өгчихсөн байдаг юм. Мөнгө хэрэг болсон компаниуд нь бонд гаргаж “инвестор”-уудад санал болгож зардаг юм. Инвестор гэдэг нь манай нөгөө 100 сая төгрөгтэй Дулмаа шүү дээ. Тэгэхээр одооноос та мөнгө хэрэг болбол хаашаа явах вэ? Банк руу юу эсвэл Дулмаа руу юу?
Даваасүрэнгийн Ангар