Пёнчаны олимпийн наадмыг зурагтын дэлгэцнээс үзээд сууж байхад “Монгол” гэсэн нэг иймэрхүү бодлууд төрсөн юм.
Хамгийн олон Монголчууд үзсэн өвлийн олимп
Улсаа төлөөлж гурван тамирчид өвлийн олимпийн наадамд оролцсон. Мэдээж тамирчин бүртээ тулж ажиллах дасгалжуулагч, эмч, баг хамт олноо удирдах хүн хэрэгтэй. Гэвч гурван тамирчинг 20 гаруй дарга дагалдсанд иргэд, олон нийт дургүйцэж байлаа. Тэр нь нэг их чухал биш ээ. БНСУ-д очоод олимпийн наадам үзчихээд ирэхэд тийм ч их хүндрэл үүсэхгүй. Хүссэн иргэн БНСУ-д Элчинд виз мэдүүлээд олимпийн наадам үзчихээд ирж болно. Гурван сарын аяллын виз мэдүүлсэн олон иргэн өвлийн олимпийн наадам үзсэн зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байхыг харлаа. Өмнөх өвлийн олимпуудад ёстой л дипломат паспорттай дарга нар л очдог байсан бол энэ олимпийн наадмыг үзье гэсэн хүсэлтэй хүн бүр үзэж чадсан нь талархууштай. Энэ утгаараа хамгийн олон Монголчууд үзсэн өвлийн олимпийн наадам юм уу гэж бодогдоод байгаа юм. Харин 2022 оны өвлийн олимп Бээжинд болно. Энэ наадмыг бүр ч олон Монголчууд үзэх болов уу гэж таамаглаж байна. Визний таатай нөхцөл нь Монголчуудад дэлхийн спорт наадам үзэх боломжийг нээж өгч байгаад талархалтай хандаж байна.
Монгол сарнай Пёнчанд дэлбээллээ
Өвлийн олимпийн наадмын хатан гэгдэх уран гулгалтын төрөлд ОХУ-ын тамирчин Алина Загитова түрүүллээ. Түүнийг түрүүлсний дараа олон мэдээлэл гарч байсны нэг нь Татаар үндэстэн гэгдэх мэдээлэл юм. 2002 оны 5 дугаар сарын 18 нд төрсөн охиноо эцэг, эх нь уран гулгалтаар амжилтанд хүрнэ гэж итгэж 2004 оны олимпийн аварга Алина Кабаевагийн нэрийг өгсөн гэнэ. Бүр нэг нас хүрчихсэн хойно нь түүнд нэр хайрласан байна. Ийнхүү Монгол үндэстний залгамж, нэгэн охин
Монголчуудын цөсыг хөөргөсөн Орос, Германы тулаан
Түүх давтагдаж, Орос, Германы хөвгүүд 76 жилийн дараа дахин тулаанд орлоо. Гэхдээ энэ удаа зэр зэвсгээр бус олимпийн мөсөн талбайд шайб, цохиуртайгаар тулалдсан юм. 26 жилийн өмнө буюу Францид зохион байгуулагдсан өвлийн олимпоос хойш Оросууд хоккейд түрүүлээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Домогт Валерий Харламовын үргэлжлэл энгэртээ алтан медаль зүүлгүйгээр 26 жил болсон байна. Тэгвэл тэд Солонгосын мөсөн дэвжээнд дахин аваргалж чадлаа.
Харин Германчуудын хувьд Оросын багтаа аваргын төлөөх тулаанд орохын тулд маш олон хүнд хэцүү, тоглолтуудыг хийж, дэлхийн гайхамшиг болсон хоккейн багуудыг өвдөг сөхрүүлсэн юм. Германы энэхүү гайхамшигтай ялалтуудыг тэртээх дэлхийн хоёрдугаар дайнтай адилтгаж, “Германчууд 1942 онд авч чадаагүй Сталинградыг энэ удаа авч чадах уу” гэсэн ёжлол хүртэл бичигдсэн юм.
Гэхдээ Сталинград оросуудынх хэвээр үлдлээ. Германчууд үнэхээр мундаг байлаа. Гэвч Оросчууд энэ төрөлдөө “хаан нь юм” гэдгээ батлав. Хоккей сонирхогчид Германы хөвгүүдийг аваргын төлөө тоглоно гэж төсөөлөө ч үгүй болов уу. Гэхдээ л тэд чадлаа. Үнэхээр гайхамшиигтай байлаа. Тиймээс л Сталинградын тулаан дахин ирлээ гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байх вэ дээ. Харин Монголчууд үргэлж Орос ахынхаа талд зогсдог уламжлалаараа дэмжиж, аварга авах үед нь дагаж, цөс нь хөөрөв. Та харсан байлгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж аваргын төлөөх тоглолтыг Монгол Улсын төрийн далбаагаа барин зогсож, дэмжиж буй зураг цахим хуудаснаа хөвөрсөн дөө. Бид нийтээрээ л оросыг дэмжсэн. Ганц нэг Германд төгссөн хууччууд Герман технологи ярьж, сургуулиа дурссанаас биш аваргын төлөөх тоглолтыг үзсэн Монголчууд Найдангийн Түвшинбаярыг дэмждэг шигээ л дээлийн зах мушгиж суусан болов уу.
Монголчууд олимпод оролцдог бус өрсөлддөг болмоор байна
Дэлхийн улс орны тамирчдыг дэмжээд сууж байхдаа Монгол хүн оролцох бус, өрсөлддөг болоосой гэж цагаахан атаархаж суув. Шорт трекийн төрөлд Өмнөд Солонгосчууд үнэхээр манлайлж чадаж байна. Гэвч бидэнд ч бас өрсөлдөх боломж байгаа гэж бодогдлоо. Солонгосчууд энэ төрөлд олимпийн медалийг түүх зорилгоор 20 жилийн өмнө зорилго тавьж, гаднаас дасгалжуулагчид авч ирж, битүү ордон барьж, тамирчдаа бэлтгэсэн. Харин ингэж бэлтгэсэн үр дүн нь гарч Солонгосын тамирчдыг Шорт трекийн төрөлд гүйцэт тамирчин үгүй болжээ. Тэд аль ч замаар дайрч, гүйцэж түрүүлэх чадвартай болсон байна. Хурд, хүч бүх тамирчдад жиг байгаа. Харин Солонгосчууд хэзээ хэрхэн хурд авах вэ гэдэгт л маш сайн суралцжээ гэж бодогдлоо. Бид өвлийн нэг битүү ордонтой болчихоод дотор нь голын мөсөн дээр гулгаж сурсан, цаашид тамирчин болох хүсэлтэй хүүхдүүдээ багаас нь бэлтгэвэл өвлийн олимпийн өрсөлдөгчид болох ирээдүй ойрхон харагдаад байгаа юм. Оросууд охиноо гурван нас хүрэхэд нь л уран гулгалтаар хичээллүүлж эхэлдэг. Энэ үедээ олж авсан чадвар нь 15-хан настай олимпийн аварга болоход нь нөлөөлж байна. Яагаад бид өвлийн улиралтай атлаа үргэлж зунаараа байдаг улс орны тамирчид шиг өрсөлдөөнд оролцож чадахгүй байна вэ. Энэ бол ядуу, хөгжингүй гэхээсээ өвлийн спортын төрөлд төрийн сэтгэл л дутагдаад байна уу гэж харагдаад байгаа юм. Манай багш дасгалжуулагчид чадлаараа л зааж сургаж байгаа. Гэвч тэдний чадал, өвлийн олимпийн оролцогчийг бэлтгэхээс хэтрэхгүй байна шүү дээ. Тиймээс гадны улсаа чадвартай багш, дасгалжуулагчид авч ирж, 10 жилийн шахуу төлөвлөгөөтэй, олимпийн аваргуудаа бэлтгэцгээе.