Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бямбажавтай ярилцлаа.
-Сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Ард түмний маань их хүндлэл, тэдний маань буян заяа надад ирсэн байх аа гэж бодож байна.
-Цагаан сар болгоноор ярьдаг сэдэв гэж бий л дээ, битүүний бөхийн барилдаан, ирж буй жилийн өнгө гээд. Харин өнөө жил хүмүүс жүжигчин Ц.Төмөрхуяг та хоёрыг гавьяат болсныг л ам уралдан ярьж байна даа?
-Би Ц.Төмөрхуяг ахыг маш их хүндэлдэг. Энэ хүн аль дээр үед, надаас бүр өмнө энэ шагналыг авах ёстой хүн. Би ер нь киног нь үзэхдээ жүжигчнийх нь хувьд, хүнийх нь хувьд их хүндэлдэг. Мундаг жүжигчин байгаа юм. Тийм болохоор энэ хүн гавьяат жүжигчин цолыг гарцаагүй авах ёстой. Харин жаахан хожимдож авлаа даа гэж бодож байна. Тэртээ тэргүй энэ хүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.
-Зарим тохиолдолд гавьяатыг эрт авлаа гэж шүүмжлүүлэх хүмүүс байдаг. Гэтэл таны гавьяат болсон мэдээ хөдөөний малчны хотонд, өөр тивд амьдран суугаа дуунд дуртай монголчуудыг хүртэл баярлуулсан шүү?
-Ард түмнээр хүндлүүлээд “За болж дээ. Энэ хүн гавьяат цол авах цаг нь болсоон” гэж хэлүүлж авах гоё л доо. Тэрнээс биш цаг нь арай болоогүй байхад авах нь ард түмэн болоод хүмүүст нэг их таалагддаггүй.
Тийм юм урьд өмнө нь олон л болж байсан. Тийм учраас шагнал, энэ мэтийн хүндэтгэлтэй юманд төр засаг ч анхаарах ёстой юм болов уу.
-Гавьяат болчихоор ямар мэдрэмж төрдөг юм байна?
-Яахав дээ, хүн чинь бас юм боддог юм байна шүү дээ. Олон жил дуулсан болохоор ард түмэн минь намайг мартаагүй. Энэ их хүндлэлд сайхан явж байна. Энэ сайхан цолыг авчихаар цаана нь хариуцлага давхар ирдэг юм байна. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цолыг том хариуцлага дагаж, надад их эрч хүч өгч байна.
-Хүмүүс таныг аль эрт гавьяат цолоо авчихсан гэж андуурдаг байсан. Тоглолт дээр хүртэл таныг “Гавьяат жүжигчин М.Бямбажав” гэж зарлаж байсан удаатай?
-Намайг хүмүүс аль түрүүн, эртний гавьяат гэж ойлгоод байдаг байсан юм. “Хүүш ээ. Соёлын тэргүүний ажилтан гэнэ үү. Та гавьяатаа авчихаагүй билүү” гэдэг байсан юм. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Хүмүүс намайг дандаа л “Гавьяат аа” гэж дууддаг байсан юм. “Өө ах нь аваагүй ээ, аваагүй. Соёлын тэргүүний ажилтан гэдгээрээ л байгаа” гэдэг байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу