”Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөрийн шинэ уран бүтээл “Эгээрэл”

”Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөр өөрийн бие даасан шинэ уран бүтээл “Эгээрэл” дууг олон нийтэд танилцуулж байна. Дууны үг, аяыг дуучин Э.Энхтөр өөрөө зохиосон гэнэ. Харин гитарыг МУГЖ, Харанга хамтлагийн соли гитарчин Ц.Энхманлай тоглосон байна.

Дууны бичлэгийг 2017 онд BDRG Studio хийж, Чингис Хаан хамтлагийн даралтат хөгжимчин Ц. Байдраг хөгжмийн найруулга дээр нь ажиллажээ.

”Эгээрэл” дууны утга санаа болон хөгжмийн найруулга нь тун өвөрмөц хийгдсэн төдийгүй, чанартай уран бүтээл болсон гэж рок, поп урлагийн мэргэжилтнүүд үнэлж байгаа аж.

Ингээд та бүхэнд Монгол улсын рок поп ертөнцөд нэгэн шинэ өнгө, шинэ уур амьсгал бэлэглэх Эгээрэл дууг танилцуулж байна.

Эгээрэл

 

Эгээрэл, эргэцүүлж тунгаамаар

Эндүүрэл , энэ бүхэн эцэс үгүй ээ

Энгүүмэл, энэ ертөнц хязгаар үгүй

Эхлэл, төгсгөл хаана нь вэ?

 

Баатар болж бурхан мэт хүндлэгдэх

Байж боломгүй бусармаг гүтгэлэг

Бусдын гэрлийг бөхөөснөөр

Чи гэрэлтэхгүй

 

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

Хором мөч, хоосон чанар

Хос далавчийн дэвэлт төдийд                                                                                                          

Хумхийн тоос болох бил үү?

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

 

Хувь тавилан

Цуурай болж сарнисаар

Хүсэл мөрөөдөл

Цуурхал болж салхилаар

Эгээрлийн, эцсийн гэрч хэн байх вэ?

 

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

Хором мөч, хоосон чанарт

Хос далавчийн дэвэлт төдийд

Хумхийн тоос болох бил үү?

 

Тэнгэрээс цухуйх мөчирнөөс атгаж

Үүлийг баллуурдаж бороог зогсоо

Тэгээд сонс, нүдээ нээ, дуугаа тат !

 Замбуулин хорвоо сая живаа настай ч

Зүгээр л одоо, бүх зүйл эхэлж байна

Зөвхөн чиний төлөө, чиний төлөө !

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …