Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг бүтээжээ.
Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж, Шагайдай, Монголдой, Хөлөгдэй, Оньсхон, Уранхан, Өрлөгхөн гэсэн дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачуудад уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх, цаашлаад зөв үлгэр дуурайлал авах, найзалж нөхөрлөх, тоглож наадах монгол хүүхэлдэйн баатруудыг бий болгох зорилготойгоор Нийслэлийн соёл, урлагийн газраас санаачлан “Ачлалт Үйлс” ХХК-тай хамтран бүтээсэн байна.
Энэ дашрамд дуулгахад тус дүрүүдийг илүү хөгжүүлэх, хүүхэд багачуудад таниулах үүднээс “Хүүхдийн дууны анимейшн клип”, “Хүүхдийн комик ном”, “Хүүхэлдэйн анимейшн кино”, “Хүүхдийн танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг”, “Хүүхдийн дуулалт жүжиг” зэргийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дууг дүрсжүүлэн танилцуулж байгаа ажээ.