МТХ: ОУХМ Б.Сумъяа “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй

Мэдээллийн төөрөгдөл арилгаж, бодит үнэнийг хүргэх тухай

Манай улсын өвлийн ууган спортын нэг нь тэшүүрийн төрөл билээ. Монголын тэшүүрийн холбоо нь 1959 онд байгуулагдаж, 1960 онд Олон улсын тэшүүрийн холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр тус тус элссэнээр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог болсон. Мөн Азийн Тэшүүрийн Холбоонд 1991 онд элссэн бөгөөд Азийн Тэшүүрийн Холбооны Дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэ-Өлзий (2010-2014), Азийн Тэшүүрийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Болормаа (2017-оноос хойш) ажиллаж байна.

Манай улсаас Өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон билээ. Мөн Залуучуудын Өвлийн Анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин Спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, Бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр тус тус эзэлж байсан. Залуучуудын Өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо Билэгдлийн алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр тус тус эзэлсэн билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа 8,0 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой. “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон Улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү.

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.isu.org%2Fdocman-documents-links%2Fisu-files%2Fevent-documents%2Fspeed-skating-8%2F2017-18%2Fworld-cups-10%2Fseries-files-16%2Fdocuments%2F15450-qualification-of-noc-event-quota-places%2Ffile&h=ATMqapButgYzft0uChPTwvnK_QbfIMM063cvuVfM0k46dkv3Qo8s5zM_pMMunSSSlvmO25-t4brrf2siWXJ1Py8u_1EaM8cHUFg5Jq_ECobijLN7JzptNA

Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБОО

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.БОЛОРМАА

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …