Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг бүртгэдэг.
Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл, санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай холбоотой байдаг ба тавьж буй асуултуудын дийлэнхийг зээл болон төлбөр төлөлтийн хугацаа хэтрэлтээс болж дахин банкны зээл авах боломжгүй болсон тухай зонхилж байна.
Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/, үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээдүүд мэдээлэл нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног-Хэвийн
90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
91-180 хоног –Хэвийн бус
181-360 хоног –Эргэлзээтэй
361-с дээш хоног –Муу
Хэрэв зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан бол мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг 6 жилийн дараа зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй болох юм.
Харин Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд:
Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.
Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.
Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг.
Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул санхүүгийн харилцагч та төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн та тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Монголбанк