“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өчигдөр мэдээлэл хийлээ.
“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарсан.
ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97-р байрт орж “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг 1 минутаар ахиулжээ.
Цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажилласан юм.
Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь “Пёнчан-2018”-д улсын зардлаар олимп үзсэн 20 даргын асуудал байв. Үүнд “Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан” гэж хариулав.
Бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасан гэнэ.
Хэвлэлийн хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар