БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо.
Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.
Манай тамирчин Б.Ганболд нь Олон Улсын Паралимпийн хорооноос 2018 оны хоёрдугаар сарбн 26-ны өдөр гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23-р байр 74.04 оноогоор эрэмблэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.
Паралимпийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпийн өвлийн наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо гэж МҮОХ-ноос мэдээллээ.